УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ үеэр зарим гишүүд үг хэллээ.УИХ-ын Х.Тэмүүжин: Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ дөрвөн жилийн хугацаанд юу хийх вэ гэдэг ажлын замын зургийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярилцаж байна. Олон нийтийн дунд яагаад Засгийн газар хамтрах болсон бэ.Сөрөг хүчин хааччихав. Бидэнд таалагдахгүй байна гэдэг байр суурьтай байгаа. Нөгөө талаас нэг нам шийдэж чадаагүй асуудлуудыг гурван нам хамтарч шийдээрэй гэсэн хүлээлттэй байна. Миний хувьд хамтарсан Засгийн газар байгуулагдахад таатай байгаагүй. Нэгэнт байгуулагдсан Засгийн газраас гурван хүлээлт байна. Нэгдүгээрт барууны төвийн хоёр нам МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. Баруун төвийн эрхэмлэдэг үзэл баримтлал бол бизнесийн эрх чөлөө байдаг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд даргын эдийн засаг ноёлж, мөнгө олох уралдаан руу явсан. Тэгвэл энэ удаад эдийн засгийн буруу тогтолцоог зогсоож чадах уу, хувийн хэвшлийнхнийг дээрээс нь хянаж, хавчсан байдлаа зогсоох уу. Татварын дарамт, өндөр хүүтэй мөнгө үл ойлгогдох төрийн үйл ажиллагаанаас болоод хувийн хэвшил олон ажиллагаагаа зогсооход хүрсэн. Хоёрдугаарт, Монгол Улс үнэхээр эдийн засгаа босгохын тулд том араагаа хөдөлгөх ёстой. Том төслүүдээ зоригтой эхлүүлээрэй. Гуравдугаарт, манай улсын хүний эрхийн нөхцөл байдал шалан дээр унасан. Бизнес эрхлэгчид мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болсон. Тагнаж чагнадаг, хуулийн нэр барьж айлган сүрдүүлдэг, бизнесүүдийг тонон дээрэмддэг гажсан хуулийн системээ эвдэх үү гэдэг асуултыг тавьж байна. Ихэнх улс төрчид хуулийн байгууллагынхны халаасанд орсон. Энэ халаасыг суллах юм уу.Бэлтгэсэн: Д.Халиун