Парламент | 2 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг даргаа та миний үед хамтарч болно. Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчил

Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг даргаа та миний үед хамтарч болно. Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчил
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 16
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа.
undefined
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд дөрвөн жил ямархуу байдалтай амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх ёстой. Гурван нам нийлж засаг барина гэж байгаа. Л.Гантөмөр дарга миний хажууд сууж байна. Энэ мөрийн хөтөлбөр дотор алдагдсан найман жилийн алдааг засах асуудал нэлээд сайн тусгагдсан байх. Сонгогчдод нэг зүйл амлачхаад танхимд орж ирээд өөр юм ярьдаг байж болохгүй.
Ерөнхий сайдаас асууя, хээл хахууль гэдэг зүйлээ арилгах, устгах улс төрийн зориг Засгийн газарт байна уу. Юу гэх гээд байна вэ гэхээр мөнгөний сонгуулийг устгачихвал яасан юм бэ. Мөрийн хөтөлбөртөө бичээгүй бол биччих. Сонгууль чинь мөрийн хөтөлбөрийн сонгууль байхаа болиод удаж байна. Одоо бол цэвэр мөнгөний сонгууль явж байна. Юу засахыг нь би хэлчихмээр байна. Ухуулагчдад урамшуулал өгнө гэдгийг л хасчихмаар байна. Энэ бол жинхэнэ мөнгө тараадаг, нөгөө намынхаа ухуулагчдад тараадаг асуудал.
Өнгөрсөн их хуралд би ярьж байсан. Энэ хэсгийн ахлагч гэж хуульд байхгүй зүйлийг бий болгоод байна. Хэсгийн ахлагч гэдэг бол МАН-ын ухуулагч. Энэ нь халамж болон иргэдийг ялгаварлах зүйлд галзууртлаа ажиллаж байна. Үүнийгээ устгачиж болохгүй юу.
Мөн сонгуулийг тав дахь өдөр биш лхагва гарагт хийнэ гээд хуульчилвал яасан юм бэ? ААН-үүдийн татварыг бууруулах ямар бодлого баримтлах юм бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мөнгөний сонгуулийг өөрчлөх хүсэл эрмэлзэл байна. Тийм ч учраас Үндсэн хуулийн тогтолцоог өөрчилсөн. 40 хувь нь пропорциональ болчихлоо. Үүн дээр өөрчлөх том агуулгуудаа оруулаад явах нь зүйтэй.
Ухуулагчийн тоог багасгах гэдэг дээр санал нэг байна. Сонгууль бүрд өөр өөрийн дүрмээр тоглодог байдал 30 жил явж ирсэн. Үндсэн хуульд орсон асуудал болохоор өөрчлөгдөх болов уу гэж найдаж байна.
Лхагва гарагт сонгууль хийж болох байх. Хуульдаа оруулаад, шийдээд явчих боломж байгаа. Гэхдээ нэг зүйл дээр Н.Алтанхуяг даргатай санал нийлэхгүй байна.
Таны үед хамтарч болоод бидний үед хамтарч болохгүй гэдэг өнцгөөс яриад байгаад санал нийлэхгүй байна. Зарчим хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. С.Баяр дарга та хоёр хамтарч Засгийн газар байгуулж байсан. Сү.Батболд даргатай хамтарч байгуулж байсан. Та нар тухайн үед ингэхээс өөр арга байхгүй байна. Хамтарч асуудлаа шийдэх нь зүйтэй гэдэг зүйлийг ярьдаг байсан. Одоо галав юүлж, газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш. Цаашдаа ч хамтарсан Засгийн газар байна. Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ олон зовлон жаргалыг мэддэг, геополитикийн асуудлыг мэдэж байгаагийн хувьд миний үед хамтарч болно, Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчлөөч ээ.   
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн