Банк, санхүүгийн байгууллагуудын томоохон төлөөлөл болох Төрийн банк хэрэглэгчдэдээ өнөөдөр шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Иргэд олон нийтэд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад хадгаламжтай байх нь эрсдэл багатай давахад тус болдог. Гэхдээ хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлах нь хуримтлуулсан хүүгийн өгөөжөө хүртэж чадахгүйд хүргэнэ. Энэ оновчтой шийдэл биш гэсэн үг. Тиймээс өдгөө олон улсад иргэдийн хамгийн өргөнөөр ашиглаж буй санхүүгийн бүтээгдэхүүн бол хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө хүүгээ бүтнээр нь аваад хадгаламжийн сертификатаа бусдад арилжих үйлчилгээ юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн буюу хадгаламжийн сертификатын арилжааны цахим платформ, түүний бүртгэл гүйлгээ, хадгалалтын иж бүрэн системийг "Мони маркет фанд" XXK Монгол Улсад нэвтрүүлээд буй.
Тэгвэл Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Төрийн банк нь "Мони маркет фанд" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, харилцагчдадаа хадгаламжийн сертификатын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Төрийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Д.Жадамбаа: Цахим хадгаламжийн сертификатыг бид “Мони маркет фанд” ХХК-тай хамтран зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү хадгаламжийн онцлогийн хувьд харилцагч нэг удаа бүртгүүлсэн байхад хадгаламжийн бүтээгдэхүүн болон мөнгөний өгөөжөө өндөр хүүтэйгээр хадгалах боломжийг олгож байгаа юм. Мөн зах зээлд анхдагч гэдэг утгаараа бүтээгдэхүүний хүүгийн хувьд банканд зарлагдаж буй хүүгээс харьцангуй өндөр гэдгээрээ давуу тал болж байна. Төрийн банкны салбарт нэг жилийн хугацаатай хадгаламж нээлгэхэд 12.5 хувийн хүүтэй байдаг бол энэхүү цахим хадгаламжийн сертификатыг ашигласнаар 12.6 хувийн хүүтэй болно. Харилцагчдын хувьд энэхүү цахим хадгаламжийн хэлбэрийг илүү сонирхож үйлчлүүлээсэй хэмээн бидний зүгээс хүсэж байна.

“Мони маркет фанд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал: Энэхүү хадгаламжийн сертификатыг бид өмнө нь цаасан хэлбэрээр гаргадаг байсан бол энэ удаад цахим хэлбэрээр гаргалаа. Цахим хадгаламжийн онцлог, ач холбогдлын хувьд харилцагч энгийн хугацаатай хадгаламжийг арилжааны банканд нээсний дараа гэнэтийн мөнгөний шаардлагаас болж хугацаагаа цуцлах тохиолдолд гардаг. Гэвч хадгаламжийн хүү бага хувьтай байдаг. Харин цахим хадгаламжийг ашигласнаар гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд системд бүртгэгдсэн харилцагчид хоорондоо хадгаламжийн сертификатаа чөлөөтэй арилжих боломжийг олгосон. Ингэснээр тухайн хадгаламжид байрлуулсан мөнгөн дүнгийн бодогдсон хэдэн ч өдрийн хүүг бүтнээр нь авах боломжтой юм. Харилцагч богино хугацаанд өндөр хүүтэйгээр мөнгөө байршуулж авах бололцоотой шинэ хэлбэрийн хадгаламж бий болж байна.

Түүнчлэн, хадгаламжийн сертификат эзэмшигчид гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд гэрээний хугацаагаа цуцалж анх тохирсон хадгаламжийн хүүгээ бууруулахгуй, хадгаламжийн хүүгээ бүтнээр нь өөрөө авч бусад харилцагч нарт үлдсэн хүү, хугацаа дуусах хүртэл хадгаламжийн сертификатаа худалдаж болно. Мөн хоёрдогч зах зээлээс хадгаламжийн сертификат худалдаж авсан харилцагч богино хугацаанд харьцангуй өндөр өгөөж хүртэх боломжтой гэдгээрээ давуу талтай аж.