Орикс дахь “FirstView” сэтгүүлд гарсан шинэ нийтлэлд Монгол, Орос, Хятад зэрэг орны цагаан зээрийн популяцийн талаарх судалгааг онцолжээ. Туршлагатай судлаачдын багийн удирдсан энэхүү судалгаагаар зээрийн тоог гаргаж, зээрийн тархац нутаг дэвсгэрт нь ямар аюул заналхийлж байгаа талаар судалсан байна.
Энэхүү Монгол, Оросын нутаг дэвсгэрт хийсэн судалгааны үр дүнд монгол цагаан зээрийн популяцийг анх удаа бараг өргөн цар хүрээтэй тооцоолсон бөгөөд Хятад дахь төлөв байдлын талаарх тайлангуудыг хавсаргасан байна.
Судалгааны үр дүнд Монгол Улс дэлхийн нийт зээрийн 99 орчим хувийг буюу 2.14 сая толгой зээрийн голомт болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч Монгол Улс хурдацтай хөгжиж байгаа энэ үед шугаман дэд бүтцийн хөгжил нэмэгдэж, малын тоо толгой өсөж, өвчин тархах зэргээр төрөл зүйлийн оршин тогтноход ихээхэн бэрхшээл учруулж байна.
ХБНГУ-ын Сенкенбергийн Биологийн олон янз байдал, цаг уурын судалгааны төвийн (SBiK-F) зэрлэг байгаль судлаач Дэжидийн Нандинцэцэг “Монголын тал нутагт цагаан зээр элбэг байгаа ч шинээр төмөр зам барих нь өргөн уудам ландшафтыг хэд хэдэн хэсэгт хуваах аюул заналхийлж байна. Хэрэв шинэ төмөр замуудыг зэрлэг ан амьтдын хөндлөн огтлолцох байгууламжгүй болговол цагаан зээрийн тоо толгой сүйрч, дэлхий дээр үлдсэн хамгийн том нүүдэлчин тогтолцоо аюулд орж болзошгүй. Хоёр сая цагаан зээр, олон мянган нүүдэлчин ард түмэн, олон сая мал эрсдэлд ороод байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бүх талууд шинэ төмөр зам барихдаа экологи, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн дүүрэн авч үзэх хэрэгтэй” хэмээжээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, хамтран зохиогч, Наранбаатарын Галсандорж “Цагаан зээрийн популяцийг хянах стандарт судалгааны протоколыг хэрэгжүүлэх зэрэг нэгдсэн арга барилыг бий болгохын тулд улс орнууд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Ийм санаачилга нь энэхүү сүр жавхлант амьтныг хадгалахад чиглэсэн хил дамнасан байгаль хамгаалах хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхэд чухал ач холбогдолтой юм" гэв.
“WCS Mongolia” байгууллага цагаан зээрийн төлөв байдал, нүүдэлд хяналт тавьж, ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг яам хоорондын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, төмөр зам, хашааны стандартыг бий болгосон. WCS-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал, доктор Жастин Шанти Александр "Бид цагаан зээр болон Монголын бүрэн бүтэн бэлчээрийг хамгаалахад түншүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэжээ.