Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах страгтегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг. Манай улсын эрчим хүчний систем нь (ТБЭХС), баруун бүсийн эрчим хүчний систем (ББЭХС), Аптай-Улиастайн эрчим хүчний систөм (АУЭХС), дорнод бүсийн эрчим хүчний систөм (ДБЭХС), өмнөд бүсийн цахилгаан хангамж (ӨБЦТС) гэсэн таван хэсгээс бүрддэг байна.
2023 онд ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц, цахилгаан эрчим хүчийг худалдаж авсан бөгөөд импортын цахилгааны төлбөрт өнгөрсөн онд 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд 8.5 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өссөн аж. Нийт цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна. Тайлант онд 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц буюу 13.2 хувиар өсжээ.
2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан. Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалж эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг байх тооцоог албаныхан хийжээ.