2021 онд баталсан Банкны тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалж, нээлттэй хувьцаат компани болсон. Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк гэх банкууд нийт хувьцааныхаа 5-10 хувийг нээлттэй арилжаалж, олон нийтийн хувь эзэмшилтэй болох сууриа амжилттай тавьсан. Энэ бол Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхний үр дүн юм. Харин удаах гол заалт хэрэгжихгүй гацаанд оржээ.
Энэ нь банкуудын хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг сааруулахтай холбоотой заалт билээ.
Банкны тухай хуулийн 36.1.-д заасан “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.
Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацаа 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон бөгөөд Монголбанкнаас уг заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах саналыг зургадугаар сард УИХ-д оруулж батлуулжээ.
Уг нь, өмнө баталсан хуулиараа 2024 оноос банкны нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл дээд тал нь 20 хүртэл хувь болох ёстой байлаа. Харамсалтай нь, дээрх хуулийн заалт хэрэгжих эсэх нь тодорхойгүй болж, сонгуулиас өмнө хуулийг хэрэгжүүлэх тогтоолоо өөрчилж, 2026 он хүртэл хойшлуулаад амжжээ.