Францын Парис хотод болж буй Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 62, эрэгтэйчүүдийн 74, 125 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Дээрх гурван жингийн хоёрт нь манай тамирчид барилдах юм.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин П.Орхон дэвжээнд гарна. Түүний эхний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгөн медальт, Украйны бөх Ирина Колиаденко байх юм. Түүний ялбал ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын аварга, Болгарын тамирчин Биляна Дудова, ЕАШТ-ий хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй таарлаа. Ялж чадвал дараа нь Азербайжан, Египетын тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ. Эхний хоёр өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Гүржийн шилдэг бөх Гено Петриашвилитэй зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр.
Харин эрэгтэйчүүдийн 86 кг-д манай тамирчин Б.Бат-Эрдэнийг ялсан Азербайжаны Осман Нурмагомедов хагас шигшээд Сан Мариногийн иран гаралтай тамирчин Назем Аминэд ялагдсанаар манай бөх дагах боломжгүй болов. Мөн 57 кг-д Б.Хонгорзулыг ялсан Хятадын Кешин Хун хагас шигшээд ялагдсанаар манай тамирчны тэмцээн дууслаа.
Үүнээс гадна өчигдөр шөнө хүрэл медалийн төлөө барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Хулан Хятадын бөхөд Пан Чен Юйд цэвэр ялагдсанаар шагналт V байр эзлэв.
Өнөөдрийн барилдаан 18:00 цагаас эхэлнэ.