Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгч байсан. Үүний дагуу Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас бусад бүх Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүж дуусжээ. Харин Нийслэлийн онцгой байдлын газар өөр удирдлагатай учир нүүгээгүй үлдсэн байна.