Open iToim app
Соёл, урлаг | 6 мин уншина

О.Ууганбилэг: “Туульс” дуугаараа романтик кино бүтээнэ

О.Ууганбилэг: “Туульс” дуугаараа романтик кино бүтээнэ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 9
Зүүд байсан гэж бодохоос хайран
Зүрх урд шөнийнх шиг хэвээрээ... гээд энэ зуны хит дууны нэг болж буй “Туульс” дууны үг, аяыг зохиосон О.Ууганбилэгтэй ярилцлаа. Тэрээр кино урлагийн салбарт 10-аад жил ажиллаж байгаа бөгөөд кино найруулагч мэргэжилтэй. Ингээд түүний дуу хэрхэн бүтсэн түүх болон ирээдүйн зорилгынх нь талаар ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
-Анх “Туульс” дууг цацахдаа олон хүнд хүрнэ гэж бодож байсан. Таны дуу олон хүнд сонсох дуртай дууных нь нэг болж байгаа нь танд ямар санагдаж байна вэ?
-Аливаа уран бүтээлийн үр дүнг тооцоолоход хэцүү байдаг. Ялангуяа хошин урлагийн жүжигчид “Нээлтийн тоглолт их хэцүү байдаг” гээд ярьдаг. Заримдаа хүн инээх юман дээр инээдэггүй. Тэгэхээр энэ дуу ч ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Зүгээр л О.Ууганбилэг гэдэг хувь хүнийхээ мэдрэмжийг л гаргасан. Тэр мэдрэмж нь хэн нэгэнтэй адилхан байсан юм болов уу гэж бодож байгаа. Мэдээж олон хүнд хүрч байгаад нь баярладаг.
-Та дууныхаа үг, аяыг бичих санаагаа хэрхэн олсон бэ?
-Өнгөрсөн жилийн таван сарын үед “Энэ дуу болох юм байна” гэж санаагаа олсон. Хотын түгжрээ заримдаа их ашигтай. Уран бүтээлч хүмүүс их олон зүйл боддог. Өөрийгөө сонсох гэдэг шиг дотогш чимээлж байгаад үг, аяаа бичсэн. Анх гурав дахь бадаг болох “Зүүд байсан гэж бодохоос хайран” гээд үг орж ирсэн. Мөн дахилтын санаагаа олсон. Аливаа нэг дуу, кино бүх зүйл тодорхой хэмжээний зорилго тээсэн байдаг. Энэ дууны драматург нь түрүүлж орж ирээд, тэрэнд хүрэхийн тулд ямар мөрнөөс эхлэх үү, хоёрдугаар бадгийнх нь үг нь ямар байх уу гээд өмнөтгөл болгоод дараад нь зохиосон.
-Яагаад “Туульс” гэж нэрлэсэн бэ?
 -Энэ дууг Данте гээд агуу хүний “Тэнгэрлэг туульс” гээд гуравласан романыг уншиж байх үедээ зохиосон. Тиймээс “Туульс” гэж нэрлэсэн. Мөн дахин хэлэх гээд байгаа санаа нь энэ миний хязгаар гэсэн утгатай. “Миний сүүлчийн туульс болохоор сайхан” гээд хамгийн сүүлчийн удаа дурласан гэсэн үг. Үнэхээр бүтээгүй учраас өөр хүнд дасаж байгаа. Энэ бол амьдрал дээр байдаг. Бид амьдралд байдаг зүйлээ киноноос үзэхийг, дуунаас сонсохыг илүү хүсдэг. Иймдээ ч дуу маань хүмүүст илүү таалагдаж байгаа байх.
-Таны дууг ихэвчлэн ямар насныхан сонсож байна вэ?
 -“Туульс” дууны сонсогчид ихэвчлэн 18-25 насныхан байна. Ялангуяа охид илүү сонсдог. Ганц бие залуус миний дууг сонсож, эморох дуртай байна уу гэж бодсон. Мөн гэр бүл зохиож, амьдрал нь тэгширсэн хүмүүс ч сайхан дурсамжуудаа эргэн санаж, сонсож байгаа байх.
- Та амьдралдаа тийм хайртай учраад энэ дууг бичсэн үү?
-Үгүй. “Сайхан хайрыг алдаж болохгүй” гэдэг гоё үг байдаг даа. Би тийм хайртай учраад алдсандаа харамсаад хийсэн дуу биш. Зүгээр л энэ дууг мэдрэх элемент надад тодорхой хэмжээнд байсан байх. Түүнийг би амьдралаараа туулж мэдэрсэн байх.
-Та кино урлагийн салбарын хүн. Яагаад дуу бүтээх болов?
-Би арван жилд байхдаа Дарханд “Солонго” дуу бүжгийн чуулгын найрал дуунд явдаг байсан. “Хаврын баяр” гээд улсын найрал дуу дуулаачдын наадамд бид хоёр удаа алтан медаль авч байлаа. Миний угсаа гарвал Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат. Хүүхэд ахуй цагаасаа дуу хөгжимтэй ойр өссөн. Тийм ч учраас урлагийн салбарт орсон байх. Мэдрэмжээр л аливаа уран бүтээл төрдөг. Би мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч биш. Гэхдээ л түмэн олондоо сонсох дуртай хийнэ гэдэг өөрт аятайхан санагддаг.
“Туульс” бол бурхан сонсчхоод бусдад хүргэсэн дуу

-Таны дууны хамгийн анхны сонсогч хэн байсан бэ?
-Ээждээ хамгийн түрүүнд сонсуулсан. Ээж дууг минь сонсоод маш олон хүн рүү миний дууг явуулсан байсан. Би айлын том хүүхэд. Айлын том хүүхдүүд ер нь ээждээ амь байдаг. Тэгээд ч тэр үү, эрх шүү дээ. Өнгөрсөн намар хайрт ээжийгээ алдсан. Ээждээ сонсуулсан тэр хувилбарыг засвар хийгээгүй цацсан. Тэр нь амжилттай байгаа учраас гоё байдаг, ээж минь сэтгэлд хүрсэн шиг олны сэтгэлд ч мөн хүрсэн байх гэж найдаж байна.
-Таны дууг олон ч хүн коверлож дуулсан. Энэ дууны үг, аяыг зохиосон таны талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байх. Тэгэхээр та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал?
-Би кино найруулагч мэргэжилтэй. Сүүлийн 10-аад жил киноны салбарт ажиллаж байна. Удахгүй өөрийнхөө зохиолоор кино хийх төлөвлөгөөтэй байна. Энэ намар зураг авалтдаа гарах байх. Залуу найруулагч болгонд тэр дундаа киноны салбарт ажиллаж байгаа хүн болгонд өөрийнхөө буурь болсон үзэл бодлоо илэрхийлж, бусдын үзэл бодлыг сонсох хүсэл бий. Энэ нь уран бүтээлчдийн сүнсийг хооллож, амьд байлгадаг. Хүн болгонд тийм зүйл байгаа. Тэр мөрөөдөл рүүгээ мөлхөж байгаа хүн байна.
-Таны шинэ кино “Туульс” дуутай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
-“Туульс” гэдэг дууны агууламж, хэлбэр, дүрүүд миний шинэ кинон дээр байгаа. Хүмүүс клип хийдэг бол кино хийлээ гэж ойлгож болно. Миний киноны гол дүр, дуунд буй гарч буй дүр нэг хүн гэж ойлгож болно. Тэгэхээр дуутайгаа уялдаа холбоотой. Романтик кино.
-Та кино урлагийн ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ. Та “95:Зүүдний хүн” кинонд найруулагчийн багт орж ажиллаж байсан байх аа?
-Тиймээ. “95:Зүүдний хүн” нь П.Дэлгэрбаяр найруулагчийн 10 ангит төсөл байсан. Уг кинонд жүжигчин Э.Батнямбуу надад санал тавьж, зохиолын багт оруулсан. Эхний драфтыг нь уншаад жаахан санал бодлоо хэлсэн чинь найруулагчид таалагдсан. Тэгээд “Энэ залуутай ажиллаж болохоор юм байна” гэж бодсон уу ямар ч байсан киноныхоо бүх хийх ёстой ажлын ард хамтдаа гарсан байна. Би П.Дэлгэрбаяр найруулагчийн кино хийдэг төрөл, жанрт нь дуртай. Дуртай найруулагчтайгаа хамт ажиллаж, суралцаад явах нь надад том боломж байсан. Кинон дээр ажиллаж байх хугацаандаа “Жүжигчидтэй хэрхэн ажиллах вэ” гэдэг техникийг тодорхой хэмжээнд өөрийн болгосон байх гэж боддог. Мөн зохиол задлах, зохиолын чимхлүүр ажил дээр найруулагчийн ур гэж байдаг даа. Тэр ажлуудыг олон талаас нь сургасан кино бол “95:Зүүдний хүн” гэж хардаг. Өмнө нь “+17” төслийг анх эхэлж байхад ерөнхий найруулагчаар ажиллах санал ирсэн. Тухайн үедээ би өөрөө бэлэн биш байсан учир найруулагчийн багт орж ажиллаж байсан. Юмны анхдагч байна гэдэг гоё юм. Одоо Жижгээ, Цогтоо хоёр шиг дуэлүүд олон гарч ирсэн. Тэгэхээр юмыг анх их гоё зоригтой хийсэн байна. Тэр залуучуудтай хамт уран бүтээл хийсэндээ ч баяртай байдаг.
-Та ирээдүйд ямар найруулагч болохыг хүсдэг вэ?
-Би ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн урланд төгссөн. Би ерөнхийдөө классик киноны үзэлтэй хүн . Найруулагч болгон адилхан байх албагүй. Өөрийнхөө уран бүтээлд ханддаг үзлээрээ гэх юм уу, хийц гэх юм уу, мэдэрдэг мэдрэмжээ Монголд дархалчих юм сан гэж хүсдэг. “Агуу Б.Балжинням, Д.Жигжид гэдэг хүн шиг өөрийн үедээ дархалсан нэртэй, хийсэн бүтээлүүд нь мөнх байгаасай” гэж боддог. “Бие минь үгүй болсон ч бүтээлүүдийг маань байнга санан дурсаж, үздэг байгаасай” гэж мөрөөддөг. Оскард нэр дэвших, том фестивалиудаар яваад олон улсын хэмжээний найруулагч болно гэдэг мэдээж гоё. Гэхдээ сумын төвийн тайз хамгийн их хөл чичрүүлдэг гэдэгтэй адилхан ер нь Монгол үзэгчдэдээ хүрнэ гэдэг чухал. Энэ ахуйгаа мэдэрч эндээ дархлагдах нь найруулагч хүний хувьд том сорилт гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн