Зочин | 15 мин уншина

Х.Чилаажав: Зөн совин, уран бүтээлчийнхээ эмзэг сэтгэлээр "Аавдаа би хайртай", "Буцааж нэхэхгүй хайр" шүлгүүдээ бичсэн

Х.Чилаажав: Зөн совин, уран бүтээлчийнхээ эмзэг сэтгэлээр "Аавдаа би хайртай", "Буцааж нэхэхгүй хайр" шүлгүүдээ бичсэн
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 8
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай... хэмээн сонсогчдын сэтгэлд хоногшсон “Аавдаа би хайртай” дууны шүлгийг бичсэн хүн бол МУСЗГ, яруу найрагч Хайдавын Чилаажав. Тэрээр Монголын ард түмний хайртай олон сайхан дууны шүлгийг бичсэн. Аавуудын баярын өдөр тохиож буйтай холбоотойгоор түүний дуу бүтсэн түүх, аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамж, уран бүтээлүүдийнх нь талаар ярилцлаа.
-“Аавдаа би хайртай” дуу Монголын ард түмний хайртай дуунуудын нэг. Энэ дууны үг хэрхэн бүтсэн талаар та манай уншигчидтай хуваалцаач?
-1990 оны намар Жаргалантын сангийн аж ахуйд намрын ажлаар очиж байсан. Тухайн үеийн оюутнууд намрын ажилд их явдаг байлаа. Тэр намар их бороотой байлаа. Бороо орохоор ажилд гардаггүй. Бороотой нэг өдөр “Цахилгаан ирлээ” гээд сумын холбооноос авчирсан. Цахилгааныг аваад харсан “Аавын бие тааруу байна” гэсэн. Тэр захидлаа авсныхаа дараа аавынхаа тухай бодож сууж байгаад “Аавдаа би хайртай” шүлгээ бичсэн.  Тэр доороо биччихээд их гоё мэдрэмж төрсөн. Тэгээд хоёр найздаа гүйж очоод, уншаад өгсөн. Тэгсэн нөгөө хоёр найз маань “Ямар гоё шүлэг вэ. Чи ямар гоё шүлэг бичсэн юм бэ” гэсэн. Би өөртөө ч итгэсэнгүй. “Тийм л гоё юм бичсэн юм байхдаа” гэж бодсон. Тэр үед би хорь гаруйхан настай байсан. Ид шүлгээр өвчилж байсан үе. Бараг шөнө унтаж байгаад гэнэт босоод л шүлэг бичдэг байлаа. Халаасандаа байнга яруу найрагчдын номыг хармаалж явна. Очирбатын Дашбалбар, Бавуугийн Лхагвасүрэн, Б.Явуухулан гуай, Данзангийн Нямсүрэнгийн номуудаас салж чаддаггүй байсан. Хүнд нэг тийм үеүд байдаг. Яг тийм үед бичигдсэн шүлэг. ”Аавдаа би хайртай” шүлгийг 1990 онд бичсэн. Төмөр замын “Ган зам” сонинд анх удаа хэвлэгдсэн. Дараа нь, 1991 онд “Найргийн даага” гээд яруу найргийн наадамд энэ шүлгээ уншаад, тусгай шагнал хүртсэн. 1992 оны “Болор цом”-д оролцож, тус оны “Найргийн даага” тэмцээнд түрүүлсэн.
-Таны энэ шүлэг хэрхэн дуу болсон бэ?
-Аавыгаа бурхан болохоос дөрвөн жилийн өмнө энэ шүлгийг бичсэн. Аав минь бурхан болоод бараг дөрвөн жилийн дараа дуу болсон. Найман жилийн турш энэ шүлэг маань хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршсоор байсан. 1998 онд радиод ажиллаж байсан чинь зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан “Чиний шүлэг дуу болчихож, сая FM-ээр явж байна” гэсэн. Монголын Радиогийн хоёр давхарт “Хөх тэнгэр” FM байгуулагдаад удаагүй байсан. Тэр үед FM цөөхөн байсан. “Хөх тэнгэр” дууны фонд сайтай, хүмүүс их сонсдог байлаа. Тэнд гүйж ороод, “Тийм дуу байна уу” гэж асуусан. “Байгаа ш дээ. Аймаар хит болж байгаа” гэсэн. “Гараад хэд хонож байна вэ” гээд асуусан чинь “10 хонож байгаа” гэв. “10 хоноод л аймаар их захиалга авч байгаа ийм дуу” гэхээр нь “За, тавиад өгөөч, сонсоодохъё” гэлээ. Сонссон яах аргагүй мөн байдаг. “Хөх тэнгэр” FM-ийн найруулагч нь Хурд хамтлагийн Д.Ганбаяртай холбогдоод “Аавдаа би хайртай дууны чинь шүлгийг бичсэн хүн энд байна ш дээ” гэсэн. “Өө, тэгвэл бид нар яваад очъё” гээд Д.Ганбаяр, Д.Отгонбаяр хоёр ирсэн. Бид нар тэнд анх танилцсан. Хөгжмийн зохиолч С.Ишхүү гээд гайхамшигтай авьяастай залуу байсан. Хурд хамтлагийн олон дууны аяыг зохиосон. Тэр залуу л сонины тасархай олоод, шүлгэнд нь ая хийсэн. Хурд хамтлагийнхан дуулаад хит болсон. Харин тэд шүлгийн эзнийг олохгүй байсан юм байна лээ. Ингэж бид тэнд таарч танилцсан. 1998 оноос хойш энэ дуу 30 жил дуулагдаж байна.
-Аавдаа зориулсан шүлгээ дуу болсных нь дараа хамгийн анх сонсоход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-С.Ишхүү үнэхээр гайхамшигтай аялгуу хийсэн. Нэг хэсэг Монголын ард түмэн аавыгаа бодтол дуулагдсан дуу шүү. Энэ дууны дараа маш олон аавын тухай дуунууд шинээр төрсөн. “Хүмүүс ч аав гэж юу билээ дандаа л ээж гэдэг. Би чинь юу билээ гэж бодсон байх” гэж боддог юм.  “Хүний зөн совин, аав минь тэнгэр рүү явчих вий дээ” гэсэн эмзэглэл дээр бичигдсэн шүлэг учраас жаахан гунигтай.
1993 оны сүүлээр манай аав, ээж хоёр гурван сарын зайтай бурхан болсон. Хожим нь би “Яах гэж ийм шүлэг бичив дээ” гэж харуусдаг байсан. Сүүлдээ бичих л ёстой байсан юм байна. Харин ч би аавыгаа амьд дээр нь ийм шүлэг бичээд аавдаа хайртай гэдгээ зарлаж чадсан юм байна даа гэж өөрийгөө зөвтгөсөн дөө. Тэрнээс биш аавыгаа бурхан болсны дараа би өөрийгөө “Би их буруу юм хийлээ” гэж боддог байсан. Үг гэдэг чинь аюултай, шидтэй. Зөн совин ч бас аюултай. Үг гэдгийг ёрлож болдоггүй. Монгол хүн бол амны билгээр гэдгийг бодож явах ёстой. Гэхдээ яах вэ заримдаа сэтгэлээс гарсан юмыг бодох завгүй биччихдэг юм.
-Та “Хурд” хамтлагийн олон дууны шүлгийг бичсэн. Энэ дуу тэгэхээр их булган сүүлтэй дуу юмуу даа?
-Тийм ээ. Араасаа их олон дуу дагуулсан. “Аавдаа би хайртай” дуу хит боллоо. “Цагаан лавай” гээд тэр үеийн хитүүдэд бүгдэд нь түрүүлсэн. Хурдынхан маань “Яг ийм шүлэг байна уу” гээд “Буцааж нэхэхгүй хайр” шүлгээр дуу хийсэн. “Буцааж нэхэхгүй хайр”, ”Аавдаа би хайртай” шүлгүүд нь хамт бичигдсэн. Тэр дуу маань одоо ч мөн дуулагддаг. Ингээд ихэр хоёр дуу явж байсан. Араас нь “Эх орон”, “Хамаг Монгол”, “Шинэ жил”, “Бүсгүй” гээд маш олон дууг дагуулсан. Хурд хамтлагтай миний бие хувь заяагаараа холбогдох анхны гарааг “Аавдаа би хайртай дуу” хийж өгсөн. Энэ бүхний цаана яагаад ч юм миний аав байгаа юм шиг санагддаг. “Миний аав хүүдээ тэнгэрийн орноос сайн сайхныг хүссэн. Эсвэл би аавыгаа чин сэтгэлээс бодож бичсэн учраас энэ бүхний холбоо байна уу” гэж боддог.
-Таны “Буцааж нэхэхгүй хайр” шүлгийн агуулга бас их хүнд шүү дээ?
-Их хүнд шүү. Энэ хоёр ихэр шүлэг л дээ. “Аавдаа би хайртай” шүлгээ бичээд, хоёр сарын дараа "Буцааж нэхэгүй хайр" шүлгээ л бичсэн. Ээжийн маань бие нь их муу байсан. 1980-аад оны сүүлээс л ээж өвдөөд, бие муу байхад аав маань гэнэт харвасан. “Эргээд гайгүй боллоо” гэсэн ч аав түрүүлээд нас барсан. Ээж аавыг өнгөрсний дараа “Би хөгшнийхөө ард орлоо” гээд удалгүй араас нь явсан. Олон жил хамт амьдарсан хүмүүс чинь бие биеэ дагаад явчихдаг юм билээ. “Буцаад нэхэхгүй хайр” шүлгээ уншаад “Би их буруу юм бичсэн байна. Би ер нь шүлэг бичих хэрэггүй байж” гэж өөрийгөө бас их зэмлэдэг байлаа.
-Одоо эргээд харахад ямар байна вэ?
-Бичих л ёстой байгаад бичсэн, хожим нь харин илүү эмзэг хүлээж авсан байна. Зөн совингоороо мэдэрч бичсэн. Аав, ээж хоёр маань тэнгэрт дэвших нь гэдгийг гурав, дөрвөн жилийн өмнөөс анзаарч, уран бүтээлчийнхээ эмзэг сэтгэлээр арай түрүүлж бодож олж харсан юм байна гэж өөрийгөө зөвтгөж байгаа. Ер нь хүн мөнхийн биш. Тэрэнд сэтгэл зүйн хувьд аав, ээж нь ч үр хүүхэд нь ч бэлэн л байх ёстой юм байна. Тэгэхгүй гэнэтхэн баахан харуусч байснаас эртнээс айж байх ёстой. Нээрээ аав, ээж минь алга болчих вий дээ, тэгвэл би яана гэж бодож байх хэрэгтэй. Үүнийг сануулж байх нь уран бүтээлчийн үүрэг юм даа гэж тайтгаруулж боддог.
-Ихэр хоёр шүлгээсээ хойш аав, ээждээ зориулж дахин шүлэг бичсэн үү. Тэдгээр шүлгүүд нь өмнөхөөсөө илүү гарсан удаа бий юү?
-Уран бүтээлийг илүү, дутуу гэж хэлэхэд хэцүү байдаг. Ер нь энэ хоёр шүлэг бол их залуудаа онгодоор бичигдсэн. Дээр нь хоёулаа Хурд хамтлагийн дуу болоод олон түмэнд хүрсэн учраас хүмүүс мэдээд байгаа юм шиг байгаа юм. Би ер нь аав ээжийн тухай маш олон шүлэг бичсэн. Зарим нь их сайхан дуу болсон. Тухайлбал,
 ...Ингэн тэмээ буйлаад л байдаг нутаг даа
 Ээж минь хүүдээ бүүвэй аялж суудаг даа
Тэнгэр ч гэж алтайн хөх тэнгэр
Тэнд л намайг төрүүлсэн ижий, аав хоёр минь
Агт морь нь үүрсээд л байдаг нутаг даа
Аав минь хүүдээ үнэг хайчилж суусан даа
Уулс ч гэж уулс алтайн цэнхэр уулс
Усаар нь намайг ариулсан ижий, аав хоёр минь... гээд их сайхан дуу байдаг юм. Дууны шүлэг гэхэд би боломжийн сайн шүлэг бичсэн гэж боддог. Мөн
...Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хүдэнтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа... гэх мэтчилэн шүлгүүд их байгаа. Цаг хугацааны уртад алийг нь тодорч үлдэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан миний сэтгэлээс гарсан учраас аль алинд нь дуртай.
-Таны аав ямар хүн байсан бэ. Та аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан гэж боддог вэ. Аавтайгаа холбоотой дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Миний аав сайхан малчин хүн байлаа. Бодь хүн байлаа. Баргийн юманд барьц алдахгүй, хувирч өөрчлөгдөөд байхгүй ноён нуруутай хүн байсан. Ээж маань хурц түргэн зантай, их үнэн үгтэй хүн байсан. Тийм хоёр хүний дундаас төрсөн. Миний төрх бол аавыгаа илүү дуурайсан болов уу гэж боддог. Аливаа юманд аль болохоор тайван амгалан байхыг хичээдэг. Гэхдээ сэтгэл дотроо хуйсганасан, зөрчилтэй хүн юм шиг санагддаг. Тэр маань ээжээс маань ирсэн байх. Ээжийн маань хурц оюун надад нөлөөлсөн байх. “Ийм хоёр хүний дундаас төрсөн болохоор уран бүтээлч болсон болов уу” гэж боддог. Аавтайгаа хамт байх шиг сайхан юм хаана байх вэ. Намайг 24 настай байхад аав минь бурхан болсон. Тэр хүртэлх миний амьдралын утга учир, бүх юм аав маань байсан. Тэрнээс хойших он жилүүдэд ч би дандаа аавыгаа л бодож, ажил төрөл бүтэхгүй бол аавынхаа тухай бодож, аавыгаа аливаа асуудал дээр ямар амгалан сайхан байж чаддаг байсныг бодож тайвширдаг. Аавынхаа хэлсэн үгийг нас явах тусам улам их боддог болсон. Их олон үг хэлээд байдаггүй ч цөөхөн үгээр хүний сэтгэлээс гарахааргүй ухаарлыг хайрласан. Тийм л байдаг хүний эцэг гэдэг. Хүүгээрээ баярлаж, бахдаад, их хөөрөөд, магтаад байсан нь ховор. Гэхдээ хүүгээрээ бахархаж байгаа нь мэдэгддэг байлаа. Тэрийг нь эргээд бодоход их сайхан санагддаг. “Миний хүү сайн явна даа” гэсэн итгэлийг нь алдахгүйн тулд хичээх хэрэгтэй болдог. Хүний аавын нөмөр нөөлөг гэдэг бол тийм л юм. Одоо ч гэсэн ойрхон байж байгаа юм шиг. Заримдаа өглөө сэрэхэд хажууд байж байгаад холдоод явж байгаа юм шиг. Амьдрал гэдэг би аавыгаа дагаж, хүүхэд маань намайг дагаж явдаг. Энэ хэлхээ сайн л байвал тэр удам сайн сайхан явна. Энэ хэлхээ хаа нэг газраа тасрах юм бол тэр удамд сэв суудаг. Ийм учраас хүн аавынхаа нэрийг бүтэн авч явахын тулд хичээх ёстой.
-Та өөрөө аав болоод аавынхаа жаргал зовлонг илүү ойлгосон уу?
-Ер нь амьдрал өөрөө ойлгуулдаг. “Миний аав зүгээр л малчин хүн байсан. Миний аав амьдралын өмнө барьц алдаагүй шүү дээ. Чи барьц алдах гэж үү” гэдэг асуултыг өөрийн эрхгүй тавьж байдаг. Амьдралд чинь хүнд тэвдэх өдөр байна. Хэцүү өдрүүд зөндөө тохионо. Тийм үед хүн ер нь аавыгаа бодохоор маш том тайвшралыг олж авна. “Үүнээс хэцүү цагийг миний аав туулаад, даваад, биднийг хүн болгоод, бий болгосон ш дээ” гэдэг их том жишиг, түвшин тогтоож өгсөн. Тэр түвшнийг бодохоор би өөрийн эрхгүй агуу их тайвшралыг олж байгаа юм. Хүний амьдралын утга учир бол ерөөсөө би үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө амьдрах ёстой. Зөвхөн өөрийнхөө сайн сайхныг бодож болдоггүй. Үр хүүхдүүддээ эцгийн нөмөр байх ёстой. Аавын хайр байх ёстой. Энэ чинь миний хүн болж төрсний үүрэг. Заримдаа уран бүтээлч хүний хувьд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Учиргүй бахархаад “Би мундаг хүн, миний аав мундаг хүн” гэж ярихаасаа илүү дотор сэтгэлдээ дүр ургуулаад, тэр түвшнийг бариад явах ёстой. “Миний аавын бий болгосон тэр түвшин, би ямар хэмжээнд байлгасан, үүнээс цааш миний үр удам тэр хэмжээнд авч яваасай” гэж хүсдэг. Хүний эцэг, эх үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж боддог. Тэр хүслийг нь л бид биелүүлэх үүрэгтэй. Тэд маш хэцүү цаг үед тэр хахир хатуу алтайн цаг агаарт мал маллаж, үр хүүхдүүдээ хэнээс ч дутахгүй эрүүл саруул, сайхан өсгөөд өглөө. Үүнээс илүү бид аав ээжээсээ юу хүсэх юм бэ. Тийм буянтай сайхан хүмүүсийн хүслийг нь ядаж бодож амьдрах ёстой.
quote photo
Уран бүтээлч хүний хувьд, зүрх сэтгэлээс гарсан үгс маань сөөм ч болов хүмүүст хүрээд, тэд намайг хүлээж авч, хүндэтгэж байгаа нь хамгийн том хайр юм.
Х.Чилаажав.
-Таны аав, ээж танд юу захиж, сургадаг байсан бэ. Аав, ээжийн тань хэлсэн үгнүүдээс сэтгэлээс тань гардаггүй үг бий юү?
-Аав маань “Миний хүү сайн бичээрэй. Хүнд хэрэгтэй юм бичээрэй” гэдэг байсан. Ээж маань “Яруу найраг, уран зохиол хүний сэтгэлд хүрч л байвал хэрэгтэй дээ” гэж хэлж байсан.Тэгээд би тэр үгийг одоо өнгөрсөн хойно нь бодоод байхад “Нэгэнт чи хүнд зориулсан юм хийж байгаа бол сэтгэлд нь хүртэл юм хийгээрэй” гэсэн үг байсан юм байна гэж ойлгодог. Миний аав бол их сайхан ерөөдөг, хүн гэрлүүлдэг, залуудаа лам болох гэж явсан. Сүүлдээ хар болоод хүнтэй сууж, хүүхэдтэй болсон. Тийм учраас номд ойрхон, судар ном их уншдаг хүн байсан. Сайхан дуулдаг. Иймээс нэг талаараа холбоотой гэж хэлж болно. Бас л үгийн шид, аялгууны шидийг мэдэрдэг хүн байж дээ гэж боддог. Яруу найрагч болоорой гэж надад хэн ч хэлээгүй. Хувь заяа, зураг төөрөг  гэж бий. Хүн бол тэрийгээ л дагадаг юм байна гэж ойлгосон.
-Таны олон шүлэг дуу болоод амнаас ам дамжин дуулагдаж байна. Танд ямар санагддаг вэ?
-Би ээжийнхээ хэлсэн үгийг боддог. Ээж маань “Хүний сэтгэлд л хүрсэн юм бичээрэй” миний хүү гэж хэлсэн. Хүний сэтгэлд хүрч байгаагийн илрэл бол уран бүтээлийг маань олон түмэн дуулж, уншиж байна. Уран бүтээлч хүнд үүнээс илүү жаргал гэж байхгүй. Энэнээс илүү том шагнал гэж уран бүтээлчид үгүй. Би хүнд таалагдах гэж бичээд байдаггүй. Өөрийнхөө бодож байгааг л буулгадаг. “Учиргүй рекламын, тухайн нэг агшинд хүмүүсийн сэтгэлийг булаах гэсэн тийм юм бичихгүй байя” гэж аль болох өөртөө хэлдэг. Гэхдээ зүрх сэтгэлээс гарсан үгс маань сөөм ч болов хүмүүст хүрээд, тэд намайг хүлээж авч, хүндэтгэж байгаа нь хамгийн том хайр. “Энэнээс илүү жаргал байхгүй” гэж бодож явдаг.
-Та ямар төрөл жанрыг барьж шүлэг бичдэг вэ. Танд шүлэг бичихдээ баримталдаг зарчим байдаг уу?
-Уран бүтээл эхлээд миний сэтгэлээс л гарч байх ёстой. Дараа нь ямар төрөл жанрт ангилагдахыг нь судлаачдын л хийх ёстой ажил байх. Тэрнээс “Би учиргүй постмодернист шүлэг бичнэ” гээд суугаад байвал тэнд олигтой юм гарахгүй. Хаашаа ангилагдах нь нээх чухал биш ямар ч байсан би уран бүтээл хийж байгаа юм. Уран бүтээл гэдэгт гоо зүйн, сэтгэлгээний хэмжүүр байна. Түүндээ хүрсэн юм бичих ёстой. Тэрнээс биш хэлбэр, галбир, изм чухал биш, урлаг болгохдоо, хүний сэтгэлд ойртуулах талдаа анхаарах хэрэгтэй. Би өөрийгөө арай жаахан сэтгэлийн л амьтан юм байна гэж боддог. Учиргүй нээх сэтгэлгээний зохиолч гэж өөрийгөө бодохгүй байна. “Бүтээл бол хүний сэтгэлд ойрхон, хөг аялгуутай, мэдрэмжтэй байх ёстой” гэсэн зарчмаа л барьдаг. Гэхдээ яах вэ, олон жил уран зохиолын салбарт явлаа. Гадна, дотнын олон хүнтэй уулзлаа. Ийм чиглэлээр өөрийгөө сорих ёстой гэсэн бодлууд бий. Эхнээс нь хийгээд эхэлж байна. Тэр амжилтад хүрэх, эсэх нь бүү мэд. Цаг хугацаа гэдэг юм бүхний хэмжүүр байдаг. 1990 онд бичсэн шүлэг маань одоо яригдаад явж байгаа нь надад хангалттай. Өнөөдөр бичээд маргааш мартагдах юмны төлөө биш аль болох цаг хугацааг давж гарах бүтээл туурвихын төлөө л дотроо хичээж, хүсэж явдаг.
-Та бүтээсэн бүтээлүүдийнхээ тоог гаргах гэж оролдож үзсэн үү. Ер нь хэчнээн бүтээл байх шиг байна?
-Ер нь байгаа байх аа. Нээх тоолдоггүй дээ. Бүтээл гэдэг их сонин. Тухайн үедээ их сайн болчихлоо гээд орхисон бүтээл арван жилийн дараа харахад юу ч биш байдаг. Ахиад засах хэрэгтэй болдог. Ер нь хүн бол өөрийнхөө бүтээлийг байнга эргэж уншиж, алдааг нь засаж байх ёстой. Тухайн үедээ мэдэрдэггүй, анзаардаг тийм юм байдаг. Төгс болсон бүтээл гэж хүргэх хэцүү. Одоо ч гэсэн надад огт хэвлүүлж чадаагүй маш олон шүлгүүд байдаг. Хэвлүүлэх гэхээр нэг юм дутуу,  жаахан янзлах ёстой гэж бодсоор байтал нэг мэдэхэд 20 жил болсон байна. Бүтэн ном хүртэл байгаа. Хэзээ гарах юм мэдэхгүй. Гарахгүй ч байж магадгүй. Аливаа уран бүтээлд хувь заяа байдаг.
-Таны хүүхдүүдээс шүлэг бичих авьяастай хүүхэд бий юү. Та хүүхдүүдээ яруу найрагч болоосой гэж хүсдэг үү?
-Үгүй. Яруу найрагчийн хувь заяа амар биш. Гэхдээ би “Өөрсдийнх сонирхол мэдэг” гээд орхидог. Ер нь бол манай хүүхдүүд бичгийн авьяастай. Эссэ их сайхан бичдэг, хэлний авьяастай. Ирээдүйд хэн болохыг бүү мэд. Одоогийн хүүхдүүдийн сэтгэлгээг технологийн эрин үе илүү татаж байна. Ер нь уран зохиол, урлаг хүртэл  бүх юм нийгмийн сүлжээ талаа дагаад их өөр болж байгаа. Энэ бол цаг үеийн өнгө. Цаг үеийн өнгийг бид ийм байх ёстой гэж хэлж болохгүй. Тухайн цаг үе өөрийнхөө өнгөөр л явдаг. Миний цаг үеийн өнгө “Аавдаа би хайртай” шиг ийм шүлгүүд байлаа. Одоогийн хүүхдүүдэд ийм шүлэг хүрэхгүй. Хүлээж авах сонирхол нь шал өөр байна. Тэд нарт таалагдах гэж би өөрийгөө эвдээд байхгүй, өөрийнхөөрөө л байна. Залуучууд маань юу бичихээ надаар заалгахгүй мэдэж байгаа.
-Энэ цагийн өнгөнд “Битгий гээгээсэй” гэж бодож явдаг зүйл танд бий юү?
-Ертөнцийн оюун сэтгэлгээ гэж байгаа. Тэр оюун сэтгэлгээний дунд монгол гэсэн үндэстэн байна. Энэ үндэстэнд сэтгэлгээний онцлог гэж байх ёстой. Тэр онцлогийн нэг нь монгол хүн бол илүү аавдаа, ээждээ, ах, дүүдээ хайртай байдаг. Гэр бүлсэг, ах дүүсэг. Өрнө дахины хөгжингүй орнуудын сэтгэлгээ шал өөр. Хэрвээ 18 нас хүрсэн бол биеэ даагаад бусдаас хамааралгүйгээр амьдардаг. Энэ бол тэр хүмүүсийн сэтгэлгээний онцлог. Нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг хамаагүй гээж болохгүй. Хүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс нь тэнд байгаа юм шиг санагддаг. Өндөр хөгжилтэй оронд аав, ээжийгээ хүн хөлслөөд харуулдаг. Өөрсдөө хардаггүй. Эсвэл асрамжийн газар аваачаад тансаг орчинд амьдруулаад орхичихдог. Хааяа нэг эргэж очно. Энэ бол Монголчуудад зохихгүй. Монгол хүний философи шал өөр. Бид нар чинь аавдаа очиж үнсүүлэх, үнэрлүүлэх дуртай. Цагаан сараар очиж золгох дуртай. Ижий, аавынхаа цайг уугаад хажууд нь суух ямар сайхан байдаг билээ. Энэ чинь маш том хайр байгаа юм. Энэ хайраа алдчихвал хуумгай болж хувирна даа гэж боддог.
-Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Та Монголынхоо бүх сайхан аав нарт аавуудын баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Монгол хүний философи аавууд дээр явж байсан. Урьд удаан жилүүдийн түүхтэй. Нүүдэлчдийн сэтгэлгээний хамгийн том агуулга нь эрчүүд дээр явж байсан. Гэхдээ би ээжүүдийг үгүйсгэж байгаа юм биш. Мэдээж агуу ээжүүд эрчүүдийн хажууд байсан. Тэгтээ яагаад ч юм өнгөрсөн түүхүүдийг харахад бүх юм эрчүүдийн нуруун дээгүүр л явсан байдаг юм. Тэгэхээр одоо цагийн эрчүүд маань ч гэсэн бас түүнийг дандаа бодож, эх орныхоо, үндэстнийхээ, ирээдүйнхээ, хүүхдүүдийнхээ төлөө илүү их юм бодож амьдраасай гэж хэлмээр байдаг. Яах вэ, чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн нийгэм гэдгийг хүндэтгэх ёстой. Гэхдээ монгол филосифио алдаж болохгүй. Тэгвэл энэ үндэстэнд аюул учирна. Ийм учраас эр хүнийг хүндэлснээрээ эмэгтэй хүн доошоо орчоод байгаа юм биш. Эр хүнийг ялангуяа өрхийн тэргүүнээ хүндэтгэх хэрэгтэй. Ухаант хүмүүсийн хэлсэн үгийг сонсох учиртай. “Аавын аяга” гээд айлд нэг дархлагдсан аяга байдаг. Дуртай нь барьж аваад дотроос нь цай уугаад, хоол идээд байдаггүй. Хоол, цайныхаа дээжийг хийгээд тавьдаг. Тэр чинь хүртэл Монголын их том соёл. Тэгээд аавынхаа малгай, бүсийг дээш нь тавьчихдаг. Айлын хийморь байна. “Аавын юм” гээд айл гэрт арай өндөр зиндааны юмс байдаг. Ийм л уламжлалтай ард түмэн. Аавын хутга, хөөрөг, гаанс, аяга, унадаг морь, эмээл энэ бүхэн өөрөө нэг том дархлаа шүү. Аавууд маань хийморьтой байвал айл өрх хийморьтой байна. Айл өрх нь сайн сайхан байвал улс орон сайн сайхан байна. Тийм учраас айл болгон сайн сайхан байгаасай. Аав болгон өөдрөг хийморьтой байгаасай. Мөнхөд Монгол Улс минь сайн, сайхан байсаар байх болно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн