Туул голд живж нас барсан хэрэг гарсан гэдгийг онцгой байдлын албанаас мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 11:58 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ. Иймд иргэд олон нийт үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.