Кембрижийн хөтөлбөр нь 160-аад орны 10,000 гаруй сургуульд хэрэгждэг, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөр юм. Орчлон олон улсын цогцолбор сургууль нь 2008 оноос хойш уг хөтөлбөрийг Үндэсний хөтөлбөртэй хослуулан бүх түвшиндээ хэрэгжүүлж буй анхны монгол сургууль билээ. Харин Кембрижийн цахим хөтөлбөр дэлхийн 15 орны 56 сургуульд амжилттай хэрэгжиж байна. Орчлон сургууль энэхүү эрхийг авч үйл ажиллагаагаа баталгаажуулснаар Монголдоо төдийгүй, Ази номхон далайн бүс нутагт анхдагч Кембрижийн дижитал сургууль болж байна.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар бид “Орчлон” олон улсын цогцолбор сургуулийн гүйцэтгэх захирал Б. Анарыг ярилцлагын зочноор урилаа.
-Яагаад энэхүү цахим хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлэхээр болсон бэ? Энэ хөтөлбөр нь ямар давуу талтай вэ?
-Одоогийн суралцагчид 10-20 жилийн дараах үсрэнгүй техник технологийн цаг үед ажиллаж амьдарна. Тиймээс техник технологитой эртнээс хөл нийлүүлэн алхах нь ирээдүйд өрсөлдөх чадварт нь шууд нөлөөлөн олон давуу талуудыг бий болгоно.
Кембрижийн хөтөлбөр нь гүн гүнзгий бат мэдлэгийг олгохоос гадна олон чадваруудыг өгдгөөрөө давуу талтай. Жишээ нь дэлхий нийтийн чиг хандлага хичээлээр дэлхий нийтэд тулгарч буй чухал асуудлыг өөр өөр өнцгөөс харах, хамтран болон бие даан ажиллах, мэдлэгээ өөр өөр нөхцөлд хэрэглэх зэрэг чадварыг хөгжүүлдэг. Цахимаар суралцсанаар сурагчид өөрт зориулсан хөтөлбөрт хамрагдаж орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүй суралцах боломжтой.