Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

ЭХЗХ: Цахилгаан, дулааны төлбөр нэмэгдэнэ

ЭХЗХ: Цахилгаан, дулааны төлбөр нэмэгдэнэ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 8
Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр болсон байна.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, Эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрээгүйгээс үүдэн эрчим хүчний салбар алдагдал хүлээж, эрсдэлтэй ажиллаж байна. Тухайлбал, айл өрхийн хэрэглээнд 1кВт.ц цахилгааны эрчим хүчийг 140 төгрөгөөр нийлүүлдэг. Энэ нь ашгаас даруй 54.6 хувиар доогуур үнэтэй байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Тиймээс цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох албаны хүмүүс тооцоолол хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифыг хэдэн төгрөгөөр тогтоохоо эцэслээгүй байна. Эцэслэсний дараа нийтэд мэдээлж, танилцуулна. Эрчим хүчний салбар цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсан гэв.
Эргэн сануулахад, 2022 онд Эрчим хүчний салбар 200 гаруй төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарч зөвхөн аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэхээс өөр аргагүйд хүрч байсан юм. Ингээд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ээс ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцохоор болсон байдаг.
2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН, АН, ХҮН намууд Засгийн эрхийг хамтарч барихаар болсон билээ. АН болон ХҮН намын мөрийн хөтөлбөрт цахилгааны үнэ тарифыг чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь тогтоох асуудлыг тусгаж, дулаан цахилгааны шинэ эх үүсвэр барих асуудлууд багтсан. Энэ талаас нь харвал, Хамтарсан Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хүчээр барихгүй, зах зээлийн өртгөөр нь тогтоох чиглэл барьж байгаа бололтой.
 
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.m сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн