Улаанбурхан буюу хүмүүсийн хэлдгээр кор өвчний томоохон дэгдэлт 2015-2016 онд Монгол Улсад гарч байсан. Иймдээ ч бид эчнээ таньдаг юм шиг боловч өвчний шинж тэмдгүүд нь чимээгүй тархдаг байна. Улаанбурхан нь хамгийн хурдан халдвар тархдаг өвчнүүдийн нэг. Хэрэв вакцинд хамрагдаагүй, улаанбурханаар өвчилж байгаагүй хүн халдвар авбал мөн адил вакцинд хамрагдаагүй ойрын хавьтлын 10 хүн тутмын 9 нь халдвар авах аюултай.Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдаж, дотоодод сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Зөөвөрлөгдсөн эхний тохиолдол нь Казахстан улсад амьдардаг хүнээс илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Түүнчлэн, улаанбурхан өвчин батлагдсан тохиолдлуудын идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд багтаж 725 хавьтлыг тодорхойлсон бөгөөд, голомтын вакцинжуулалт хийгээд буй. Вакцинжуулалт бол улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга гэдэг. Тухайлбал, Африкийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол хамгийн их бүртгэгдсэн. Иймээс ДЭМБ болон холбогдох байгууллагууд 2000-2022 оны хооронд тус бүс нутагт вакцинжуулалтын аян явуулжээ. Үүний үр дүнд 57 сая хүн нас барахаас сэргийлсэн. Улаанбурхан өвчний нэгдүгээр тун нь 93 хувь, хоёрдугаар тун нь 97 хувийн үр дүнтэй байдаг аж.