Японы Ерөнхий сайд Фүмио Кишида 2024 оны наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй батлан хамгаалахын техник, технологи дамжуулах талаар өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа талаар “AsiaNikkei” мэдээлжээ. Энэ гэрээ нь Японы батлан хамгаалах салбарын экспортыг Монгол руу гаргах замыг нээх юм. Хоёр улс энэ намар гэхэд хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд тодорхой экспортыг зөвшилцөх юм байна.
Япон улс аюулгүй байдлын албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улс руу энэ санхүүгийн жилийн сүүлээр тээвэрлэлт хийхээр төлөвлөж байгаа аж. 2022 оны арваннэгдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Кишида, У.Хүрэлсүх нар улс орныхоо улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулахын тулд батлан хамгаалахтай холбоотой хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
Хоёр улсын удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар удирдагчид Украины дайн, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтад үзүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна. Монгол Улс хөрш орнууд болох Хятад, ОХУ-тай хийх дийн засгийн харилцаандаа ихээхэн түшиглэдэг бөгөөд бусад тэргүүлэх орнуудтай түншлэлийн харилцааг хөгжүүлсээр ирсэн. Бээжин, Москвагийн цэргийн хүч нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар Японтой батлан хамгаалахын харилцаагаа гүнзгийрүүлэхээр зорьж байгааг “AsiaNikkei” онцолсон байна.