Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр Филиппин Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд монголын тал талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлооход нягт хамтран ажиллахаар тогтов.
Гадаад харилцааны сайд нар цаашид бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн халамж зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Энэ хүрээнд Монгол Улсын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр филиппиний талтай хамтран ажиллахаар тохиролцов.