"Environmental Science & Technology" сэтгүүлд нийтлэгдсэн саяхны судалгаагаар Корнеллийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрээс авсан мэдээллийг судалж, микропластикт хамгийн их өртдөг улс орнуудыг тогтоожээ. Микропластикт өртөх нь янз бүрийн үзүүлэлтээс хамаардаг гэж судалгааны хамтран зохиогч Фэнги Ю “Newsweek” сэтгүүлд ярьсан байна. Шууд хүчин зүйлүүдэд хоол хүнсэнд агуулагдаж буй микропластик багтдаг. Зүүн өмнөд Азийн Индонез, Малайз, Филиппин зэрэг улс орны иргэд микропластик хамгийн их иддэг байна. Судалгаанаас харахад, Индонезиуд сар бүр 15 грамм микропластик иддэг нь бусад улс орнуудаас илүү байдаг бөгөөд ихэнх нь далайн хоол зэрэг уснаас эх үүсвэртэй байна.
Микропластикаар амьсгалах
Харин микропластикаар хамгийн их амьсгалдаг улсаар Монгол, Хятад нэрлэгджээ. Тус хоёр улсын иргэд сард 2.8 сая гаруй микропластикаар амьсгалдаг байна. Сард 791,500 ширхэг тоосонцор амьсгалдаг Ирланд хоёрт, Их Британи гуравт эрэмбэлэгдсэн байна.
Азийн бусад томоохон хуванцар хэрэглэгчидтэй харьцуулахад АНУ-д микропластикийн түвшин доогуур байгаа ч хуванцар хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ нь нэмэгдэж болзошгүйг судлаачид анхааруулж байна. Хүнсний бүтээгдэхүүнээс микропластик бохирдлыг бууруулахын тулд хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, хэрэглэх явцад хуванцар бус дахин ашиглах боломжтой материал, ялангуяа шил, металл аяга зэрэг савыг ашиглах хэрэгтэй аж.
Микропластик гэдэг нь таван миллиметрээс бага хэмжээтэй хуванцарыг хэлдэг. Эдгээр нь үйлдвэрлэлийн хог хаягдал, гоо сайхны бүтээгдэхүүнээс олддог эсвэл хуванцар хог хаягдлын том хэсгүүдийг задлах явцад үүсэж болно. Эдгээр хуванцар хэсгүүд нь бидний биеийн гормоны байгалийн ялгаралтыг тасалдуулж, нөхөн үржихүйн эмгэг, зарим хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг химийн бодис агуулдаг. Бидний эргэн тойронд, хоол хүнс, ус, агаарт ч гэсэн микропластикууд байдаг. Үнэн хэрэгтээ, зарим тооцоогоор бид долоо хоног бүр нэг кредит карттай тэнцэх хуванцарыг залгидаг байна. Мөн хэр их хэмжээгээр микропластикт иддэг нь бидний байршлаас хамааран ихээхэн ялгаатай байдаг гэжээ.