Парисын Олимпод оролцож буй Монголын 32 тамирчны гурав нь өнөөдөр тэмцээнээ дуусгана. Монголын жүдочдын ганцаарчилсан төрлийн сүүлийн барилдаантай. Түүнчлэн монголчууд түүхэндээ анх удаа урт бууны төрлөөр олимпоос медаль авах уу, үгүй юү гэдгийг шийдэх чухал буудлагыг О.Есүгэн өнөөдөр хийх нь ээ.Тамирчдын хуваарийг танилцуулъя. Буудлага:-Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах хийн урт бууны дасгалд өчигдөр 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор IV байрт шалгарч, финалдсан. Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхэлнэ.О.Есүгэн энэ жил 25 настай бөгөөд Парис 2024 түүний хоёр дахь олимп юм. Токио 2020 наадамд хийн урт бууны 10 метрийн дасгалд 25 дугаар байр эзэлж байсан. Ханжоугийн Азийн наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байжээ. Жүдо:-Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл татамид гарна. Тэрбээр “С” хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы Эрик Абрамов юм. Ялбал Тажикистаны шилдэг бөх Тимур Рахимовтой барилдана. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн өрсөлдөх юм. Түүний хувьд “D” хэсэгт багтаж, эхлээд Казахстаны Камила Берликаштай барилдахаар оноолт таарав. Ялбал хэсгийнхээ тэргүүн бөх Туркийн Кайра Оздемиртэй барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.