Спорт | 5 мин уншина

Олимпод оролцож буй Монголын баг тамирчдын мэдээллийг нэг дороос...

Олимпод оролцож буй Монголын баг тамирчдын мэдээллийг нэг дороос...
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 31
Зуны спортын XXXIII наадам манай улсаас есөн төрөлд 32 тамирчин оролцож буй. Одоогоор бокс, жүдо, буудлага, усанд сэлэлт, дугуй, байт харвааны тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байна. Харин чөлөөт бөх, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн тамирчдын тэмцээн эхлээгүй байгаа юм. Бид Монголын баг тамирчидтай холбоотой багц мэдээллийг тоймлон хүргэж байна.
Б.Энхтамир Парисын усан бассейн замд улсын дээд амжилтыг шинэчиллээ
undefined
Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнгийн дүү Б.Энхтамир Парисын Олимпод эгчийнхээ хамт эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр өчигдөр эхний уралдаанаа хийж Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа тавдугаар байрт орлоо. Ингэснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 секундээр Монгол Улсын рекордыг эзэмшиж байсан. Энэ зай, төрөлд 80 тамирчин уралдсанаас Б.Энхтамир 50 дугаар байр эзэлсэн байна. Уралдааны дараа Б.Энхтамир ярихдаа “Эгчтэйгээ хамт олимпод оролцож байгаа учраас дарамт бага байлаа. Гарааны өмнө сэтгэл зүйгээ нэг түвшинд байлгахыг хичээдэг ч цэнгэлдэхийн уур амьсгал халуун, хөгжөөн дэмжигчдийн нөлөөгөөр бага зэрэг хөөрсөн. Тусалж, дэмжсэн байгууллагууд, цэнхэр дэлгэцээр дэмжсэн монголчууддаа баярлалаа” гэв.
Н.Баяраа өнөөдөр Парисын Олимпын сүүлчийн буудлагаа хийнэ
undefined
Буудлагын олон улсын хэмжээний мастер Н.Баяраа өнөөдөр Парисын Олимпын сүүлчийн буудлагаа хийнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалд Н.Баяраа дэлхийн шилдгүүдтэй цэц сорино. Урьдчилсан буудлага Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх юм. Финалд шалгарч чадвал маргааш медалийн төлөө буудах боломжтой.
Түүний хувьд 10 метрийн хийн урт бууны холимог баг болон 10 метрийн хийн урт бууны  ганцаарчилсан тэмцээнд оролцсон билээ.
Медаль аваагүй ч Монголын шинэ амжилтууд
undefined
undefined
undefined
Монголчууд энэ удаагийн олимпод спортын есөн төрөлд оролцож буй. Тэднээс дугуйчид 28 жилийн дараа Олимпын замд уралдаж буйгаараа онцлогтой. С.Жамбалжамц Парист уралдах шилдгийн шилдэг 34 тамирчны нэг болсон. Дугуйн төрөлд Азиас ердөө хоёрхон орны тамирчин Олимпод оролцож байгаагийн нэг нь Монгол. Нөгөөх нь Казахстан. Гэхдээ Казахстаны тамирчид европ стильтэй гэдгээрээ Азидаа ялгарна. Тиймээс дугуйчдын хувьд Парисын Олимп “түүхэн” гэх тодотголтой болж байна. 
Тэгвэл буудлагынхан бас олимпоос медаль авч чадаагүй ч шинэ түүх бүтээлээ. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хийн гар бууны 10 метрийн дасгалд финалдсанаар Монголоос буудлагын эрэгтэй тамирчин анх удаа шилдэг наймд шалгарсан тохиолдол болов. Буудлагын тамирчид 1964 оны олимпоос эхлэн тасралтгүй оролцож буй байгаа ч эрэгтэйчүүд финалдсан тохиолдол өнөөдрийг хүртэл үгүй байлаа. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль авсныг эс тооцвол эрэгтэйчүүдийн хамгийн өндөр амжилтыг гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо үзүүлсэн юм. Тэрбээр 1976 оны Олимпын 50 метрийн урт бууны дасгалд 11 дүгээр байр эзэлсэн “Парис-2024” наадам хүртэл манай эрэгтэй мэргэн буучдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа. Харин үүнийг Э.Даваахүү ахиулж, финалдсан нь түүхэнд бичигдэхүйц үйл явдал болов.
Түүнчлэн хоёр дахь олимпдоо оролцож буй усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон тэрбээр өөрийн зайг 1.59:94 минутад туулснаар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 18 дугаар байр эзлэв. Өдгөө 22 настай түүний хувьд энэхүү спортоор УАШТ-ий 28 зай, төрөлд дээд амжилт эзэмшдэг нэгэн. 
“Mongolia House” гаднынхны нүдийг хужирлаж байна
undefined
Парист олимпоос гадна олны нүдийг хужирлаж буй өөр нэг үйл явдалнь “Mongolia House” төсөл юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныхоо үүх түүх, үзэсгэлэнт газар, уламжлал соёл, урлаг спорт, тоглоом наадгай гадаадын зочид, үзэгчид тун сонирхолтой байгаа бололтой. Нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн дотор “Mongolia House” хотхонд 10 мянга гаруй хүн зочилж, монгол ахуйтай танилцжээ. “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, уртын дуучны шуранхай, уран нугараачийн үзүүлбэр, шагай болон сур харваа гадныхан төдийгүй Европод ажиллаж, амьдардаг монголчуудад маш их таалагдаж байгааг энэхүү төслийг санаачлагчид онцолж байна. 
Олимпын үеэр эх орноо сурталчлах үүднээс Монгол Улс анх удаа Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн “Монгол Хаус”-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Сэр Мианг, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, Олон улсын олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад, дотоодын 10 мянга гаруй зочид, төлөөлөгч зорин иржээ.
“Парис 2024” зуны олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 улс өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэрүүд, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.
undefined
undefined
Монголын баг 28 дугаарт...
“Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимп зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Медалийн чанараар Япон долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медальтайгаар тэргүүллээ хадгалсаар байгаа бол Хятадын баг хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэд зургаан алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Хятадууд зургаан алтынхаа гурвыг нь зөвхөн буудлагаас зүүлээ. Тэгвэл гуравдугаарт Австрали зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл авсан амжилтаар жагсаж байгаа бөгөөд тэд 11 медалийнхаа наймыг зөвхөн усанд сэлэлтээр авлаа. Зохион байгуулагч орон таван алт бүхий 18 медальтайгаар дөрөвдүгээрт, БНСУ таван алт бүхий 11 медальтайгаар айрагдаж байна. Америкчууд 26 медальтай ч үүний дөнгөж дөрөв нь алт. Тиймээс тоогоор хамгийн олон ч  чанараар тэд зургаадугаарт жагсаж байна. Монгол Улс нэг мөнгөн медальтайгаар олимпын наадамд оролцож буй 206 улсаас 28 дугаарт эрэмбэлэгдэж буй юм.
Одоогоор 21 улс алтан медаль хүртсэн бол нэг мөнгөн медальтай 11 орон байгаагийн нэг нь Монгол. Нийт 43 улс ямар нэгэн медаль хүртжээ.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн