Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МҮЭХ яамтай хамтран ажиллах хууль, дүрэм журам, цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудын талаар ярилцсан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Шинэ парламент ҮЭ, Ажил олгогч, эрдэмтэн мэргэд гээд салбар бүрээс багтсан бүсчилсэн том тойргийн төлөөлөлтэй анхны 126 гишүүнтэй. Засгийн газар ч намууд хамтарсан онцлогтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв ид яригдаж байгаа үед нийгмийн том бүлгийн төлөөлөл МҮЭХ-той уулзаж байна. Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон сууцжуулах гэх мэт бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусган цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Өргөн цар хүрээ цогц тогтолцоогоор харж ажиллахад ҮЭ, ажил олгогч нарын оролцоо чухал. Тиймээс өмнөх туршлага амжилтдаа тулгуурлан МҮЭХ-той нягт хамтран ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нийгмийн түншлэлийн хөгжлөө хурдасгах олон улсын жишиг рүү ойртоход нийгмийн шинэ гэрээ хэлцлийг гүнзгийрүүлэх нь чухлыг онцлоод МҮЭХ зөвийг дэмжиж бурууг засч шаардан ард иргэд, ажил хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар цалин хөлс нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарна гэдгээ хэлсэн юм.
Нийгмийн даатгалын багц хууль батлагдан нийгмийн даатгалын төлсөн шимтгэлээс хуримтлалын сан үүсгэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээ, цаг хугацаанаас хамаарч иргэн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлээ төлөх зэргээр захиран зарцуулах шинэ хуримтлалын тогтолцоонд энэ жилээс шилжиж эхэлсэн. Ажил олгогч болон хувь хүн өөрөө төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс хүртэж болох өгөөжийн талаар МҮЭХ-тэй хамтран тогтолцооны шинэчлэл хийхээр ярилцсан нь тодорхой үр дүнд хүрч байгаа талаар салбарын сайд уулзалтын үеэр онцлов.
МҮЭХ-ны төлөөлөл нийгмийн түншлэлийг эрчимжүүлж бүх шатанд дэмжих, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр үнийн өсөлт тооцож бодитоор нэмэгдүүлэх , байнгын чанартай ажлын байр, гэр бүлийн бодит орлого, нийгмийн хамгаалал орон сууц, хөдөлмөр эхлэлт цогцоор нь авч үзэх, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилт хангах, багш, эмч, уул уурхай, тээвэр, эрчим хүч, газрын тос гэх мэт олон салбарын ажилчдыг хөнгөлттэй нөхцөлд тэтгэвэрт гарах зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт дагасан журмуудыг засаж сайжруулах, хөдөлмөрийн маргаан үл ойлголцлыг тухай бүр нь засч залруулахад анхаарах, тухайлбал Оюутолгой зэрэг газруудад маргаан дэгдэж байгаад анхаарал хандуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв санхүүжилтийг нэмэгдүүлж, тендер, төсвөөс санхүүжилт авах нөхцөлд нийгмийн үнэлгээг оруулдаг байх зэрэг саналуудыг тавьсан юм.