Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, төслийг боловсруулж байгаа. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон хамтарсан намуудын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж дээрх асуудлуудыг хэлэлцэх юм. Тэгвэл УИХ-ын ээжлит бус чуулганыг ирэх сарын 10-аас хуралдуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10-40 хувиар нэмж, тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээр шийдвэрээс шалтгаалж 2024 оны төсөв өмнөх оны төсвийн зарлагаас 22 хувиар нэмэгдсэн. Мөн малчдын зээлийг нэг жилээр хойшлуулж, хүүгийн зөрүүг төсвөөс банкуудад олгох, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд таван их наядын хөнгөлөлттэй зээлийг малчдад олгосон юм. Сонгууль дуусаж, зарлага ихтэй төсөвтөө тодотгол хийхээр болж байна. Одоогоор Засгийн газар төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа бөгөөд ямар зарлагуудад өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн Засгийн газар хамтран байгуулсан гурван нам “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Тус гэрээг УИХ-ын тогтоол болгох бөгөөд гэрээг зөрчсөн сайд нарыг огцруулах хүртэл арга хэмжээ авах юм байна. Тиймээс тус гэрээг УИХ-аар хэлэлцүүлэн тогтоол болгон батлах аж.