Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхлээд буй.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм.
Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй.
Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөн олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэлсэн. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил үргэлжилж байна.
Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныханд тус төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.