Парисын олимпийн наадмын нээлт өнөөдөр Монголын цагаар долдугаар сарын 26-27-ны шилжих шөнө 01:30 цагт эхлэх бөгөөд гурван цаг үргэлжилнэ. Энэ удаагийн наадмын нээлтийг анх удаа цэнгэлдэхэд бус цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрний эрэг дээр хийнэ.
Алдарт Жардин де Плант цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Аустерлиц гүүрнээс арга хэмжээ эхлэх бөгөөд Сена мөрөн дагуу зургаан км газрыг хамгаалалтад авчээ. Парисын цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Луврын музей гээд Парис хотын бэлгэ тэмдэг болсон бүхий л түүх соёлын байгууламжуудыг нээлтийн нэг хэсэг болгохыг зорьсон.
206 Үндэсний олимпын хорооны 10500 орчим тамирчин нээлтийн ёслолд оролцох төлөвтэй байна. Нийт 100 орчим завь Сена мөрний дагуу хөвөх бөгөөд олон тамирчинтай ҮОХ өөрийн гэсэн завьтай байх бол цөөн тамирчидтай нь дундаа хөлөг онгоцтой байх юм.
Парисын олимпийн нээлтийн уран сайхны удирдаачаар Томас Жолли, хөгжмийн найруулагчаар Виктор ле Мазн, бүжиг дэглээч, бүжгийн найруулагчаар Мод ле Пладе, загвар, хувцасны найруулагчаар Дафне Бурки, хувцасны ахлах мастераар Оливье Бехиот нар ажиллаж байна. Нээлтийн ёслолд хоёр мянга гаруй бүжигчин, 6000-8000 мянган хамгаалалтын ажилчин, зохион байгуулах комиссын ажилчид ажиллаж байгаа ажээ.
2024 оны олимпын уриа нь "Citius, Altius, Fortius - Communiter" бөгөөд энэ нь "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй - Хамтдаа" гэсэн утгатай. Зохион байгуулагч орон дөрвөн жилд нэг удаа болдог нээлтийн ёслолоос эхлээд дэлхийн хэмжээний тоглолт хийх ёстой. Олимпын түүхийн туршид нээлтийн ёслолууд нь наадмын өнгө аяс, тенорыг тодорхойлж, тансаг үзмэрүүдийг үндэсний онцлогтой хослуулан мартагдашгүй мөчүүдийг бий болгосоор ирсэн.
2024 оны нээлтийн ёслол нь үнэндээ Парисын бүхэл бүтэн нэг бүсийг асар том задгай цэнгэлдэх хүрээлэн болгон хувиргаж, Сена мөрний эрэг дагуу олон мянган тамирчдыг хэдэн зуун завиар, хэдэн зуун мянган үзэгчдийн өмнө жагсаж, тамирчид болон гайхалтай тоглолтыг харуулах болно. Олимпын нээлтийн ёслол тамирчдын жагсаал, эцсийн протокол, албан ёсны нээлт гэсэн гурван хэсгээс бүрддэг уламжлалтай. Дэлхий даяар 1.5 тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гарчээ.
Тасалбарын үнэ нь 90-100 ам.доллароос 3000 орчим ам.доллар байна. Зургаан км зам дагуу байрлуулсан 300 орчим том видео дэлгэцээр үзэгчид жагсаалыг мөн үзүүлэх аж. Тамирчид Эйфелийн цамхагийн урд бууж, "Жон Вик: Бүлэг 4", "Биелэгдэшгүй даалгавар" зэрэг киног үзсэн хэн бүхэнд танил болсон Трокадеро хэмээх алдартай талбай руу явна. Тэнд нээлтийн ажиллагаа өндөрлөж, Парисын олимп албан ёсоор эхэлнэ.