2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эртний Грек олимпын өлгий нутгаас буухиалсан галт бамбар өчигдөр Парис хотод ирсэн. Франц улсын 65 хот, дүүргийн 400 гаруй суурин газраар 10 мянган тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буухиалж олимпын нээлтээс нийслэл хотноо ирсэн нь энэ. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон XXXIII наадам эхлэхэд ердөө хоёрхон хоног үлджээ. Харин олимпын тэмцээн уралдаан өнөөдрөөс эхэлж байгаа юм. Тодруулбал, хөлбөмбөг, рагбигийн хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Тэгвэл олимпын түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнгээс гадна, тэр тусмаа Сена мөрний дагуу завьт парад хийж, Францын нийслэлийн сайхныг жаргах нарны туяанд тольдох боломжийг олгож буй нээлтийн ёслолыг хүн бүр сэтгэл догдлон хүлээж байгаа нь биз. Зохион байгуулагчид Парис хотод үнэ төлбөргүй долоон том дэлгэцээр наадмын бүх спортын тэмцээн уралдааныг үзэх боломжоор хангажээ. Энэ газар нь хотын захиргааны төв талбайн дэргэд бөгөөд 2000 хүний багтаамжтай аж. Олимпод 45 мянган сайн дурын ажилтан ажиллах юм байна. Энэ удаад та бүхэндээ нээлтийн ёслолтой холбоотой багц мэдээллийг хүргэе.
Олимпын нээлтийн гол онцлог
Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01:30 цагт эхлэх бөгөөд гурван цаг орчим үргэлжилнэ. Тамирчид цэнгэлдэхийн замыг тойрч алхахын оронд Парис хотын зүрх болсон Сена мөрнөөр завьтай хөвөн явахаараа онцлог юм. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.
Ёслолын парад Парисын түүхэн дурсгалт газруудаар дайрна
Нээлтийн ёслолыг үзэнгээ Парис хотын түүхэн дурсгалт газруудтай танилцах боломжийг зохион байгуулагчид олгожээ. Орон орны тамирчдыг суулгасан завьт парад Аустерлицийн гүүрнээс аяллаа эхэлж, Сена мөрний эрэг дагуу зургаан км замыг туулах юм. Энэ хооронд Нотр Дамын сүм, Луврын музей, Напалоеоны бунхан байрлах Les Invalides цогцолбор, Grand Palais музейн цогцолбор зэрэг Парис хотын түүхэн дурсгалт газруудаар дайран өнгөрөх болно. Эцэст нь завьт парад Эйфелийн цамхагийн эсрэг талын замд хүрэлцэн ирсний дараа олимпын бамбараа асааж, “Парис-2024” олимп эхэлснийг албан ёсоор зарлах юм.
Сена мөрөнд 100 завь хөвөх нь ээ
206 Үндэсний олимпын хорооны 10500 орчим тамирчин нээлтийн ёслолд оролцох төлөвтэй байна. Нийт 100 орчим завь Сена мөрний дагуу хөвөх бөгөөд олон тамирчинтай Үндэсний олимпын хороо өөрийн гэсэн завьтай байх бол цөөн тамирчидтай нь дундаа хөлөг онгоцтой байхаар зохицуулжээ. Нээлтэд манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн нар төрийн далбаагаа мандуулах бол байт харваа, усанд сэлэлт, дугуйн тамирчин парадад оролцоно. Харин жүдочдын тэмцээн 27-ноос эхлэх тул нээлтийн парадад жагсахгүй аж.
Францын театрын найруулагч Томас Жолли нээлтийн ёслолын уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Хэдийгээр нээлтийн ёслолын агуулгыг ихэд нууцалж байгаа ч Францын өв соёлыг тусгасан, уламжлалт болон орчин үеийн элементүүдийн хослол бүхий шоу үзүүлбэрийг зохион байгуулагчид амлажээ.
Франц улс тэр тусмаа Парис хотын иргэд гурвын тоонд тун элэгтэй ард түмэн. Тэд гурав дахь удаагаа зуны олимпын наадмыг (1900, 1924, 2024) зохион байгуулж байгаа бол Өвлийн олимпын наадмыг (1924, 1968, 1992) онд хүлээн авчээ. Франц улс энэ удаагийн олимпын наадамд медалийн чанар болон тоогоор эхний гуравт багтах зорилго тавьжээ.
“Парис 2024” зуны олимпын наадмаар АНУ-ын шигшээ баг, Францын талаар болон олимпын наадамд оролцох бусад улсын сонирхолтой түүхэн баримт зэрэг олон төрлийн хачиртай мэдээ, мэдээллийг реппер Снүүп Догоор ахлуулсан продакшны хамт олон дэлхий нийтэд түгээхээр болжээ. Орой бүр үзэгчдэд хүрэх тус нэвтрүүлэг нь “Primetime in Paris” нэртэй бөгөөд АНУ-ын шигшээ багийн тамирчдын гэр бүлийн гишүүдийн хамт тэдний амжилт, ялалтыг хамтдаа тэмдэглэж тогтмол Парисын олимпын талаарх мэдээлэл солилцох аж.
Олимпын наадамд оролцож буй дэлхийн улс орнуудын тугчийн үүрэг онцгой. Тэр утгаараа тухайн багтаа үлгэр жишээ тамирчнаар нээлтийн ёслолд тугаа залдаг уламжлалтай. Манай улсаас марафон гүйлтээр зургаан олимпод оролцож буй дэлхийн анхдагч Б.Сэр-Од энэ хүндтэй үүргийг гүйцэтгэнэ. Тэр өмнө нь 2012 оны Лондоны олимпод анх удаа туг барин жагсаж байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурван удаа олимпын наадамд тугчийн үүрэг гүйцэтгэсэн цор ганц монгол тамирчин.
Олимпын наадамд оролцох 206 орны багаас 92 нь тугчаа зарлаагүй байна. Энэ орнуудын дунд Андорра, Бахрейн, Австрали, Бельги, Канад, Хятад, Чех, Эстони, Финланд, Этиоп, Индонез, Хойд Солонгос, Словен, Швед, Швейцар, Украйн, Тайланд зэрэг орон бий. Дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан Леброн Жеймс, Яннис Антетокумпо, Гүржийн домогт мэргэн бууч, 10 дахь удаагаа олимпод оролцож буй Нино Салуквазе, Косовогийн эгч, дүү жүдоч Гжакова, НБА-ийн тоглогч Деннис Шрөүдер, жүдогийн дэлхийн аварга Вагнер тэргүүтэн Сена мөрөнд завиар улсынхаа далбааг мандуулж явна.