Даатгуулагч, орон сууц, эрүүл мэнд, боловсролын төлбөртөө хуримтлалаасаа төлөх боломжтой
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллав.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 60 мянган ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг ажээ.
Сар бүрийн 1-ний өдөр 500 мянган тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300 мянган даатгуулагчид тэтгэмж олгодог.
Энэ оноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Манай улс дэлхийн жишигт нийцсэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаас орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдэж эхэлсэн.
Оны эхний 5 сарын байдлаар 700 орчим мянган даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болсон тухай салбарын мэргэжилтнүүд ярилаа.
Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллана гэдгээ салбарын сайд хэлж байсан юм.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, жижиг бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг өсгөж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодитой шийдвэрүүд гаргана
Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилласны дараа Л.Энх-Амгалан сайд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжил олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгож байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдах ажилтнуудтай уулзан холбогдох мэдээлэл авсаны дараа халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит, хүртээмжтэй болгох, иргэдийг халамжид хамруулахаас илүүтэй ажлын байр, сургалт санал болгож хөдөлмөр эрхлүүлж, чанартай, бүтээмжтэй амьдрахыг дэмжихэд анхаарал хандуулна гэдгээ Л.Энх-Амгалан хэллээ.
Мөн жижиг бизнес эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодитой шийдвэрүүд гаргах, халамжийн хөтөлбөрүүдийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийх ажээ.
Салбарын сайд халамж зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтод бүлэгт халамжийг хүрэлцэхүйц байдлаар олгохыг зорьж байгаа гэв.