Засгийн газар | 3 мин уншина

Хамтарсан намууд “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулна

Хамтарсан намууд “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулна
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 24
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны төсөвт хийх тодотгол, 2025 оны төсвийн төслийн талаар хэлэлцжээ. Дээрх бүх хууль, гэрээ, хөтөлбөрийг удахгүй УИХ-д өргөн барих аж.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төслийн эхнийх хувилбарыг танилцуулсан.
Мөн Эдийн Засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны төслийн хөтөлбөрийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулгыг хийсэн.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор зарим яамны чиг үүрэг шилжсэн. Бүтэц орон тоо, төсөв нэмэгдүүлэхгүйгээр яамдын бүтэц орон тоог шинээр баталсан. Тухайлбал, залуучуудын бодлого Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байсан бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам руу шилжинэ. Цөмийн энергийн бодлого Аж үйлдвэрийн яам руу шилжиж байгаа. Төрийн албаны хуулийг чанд бариад, халаа сэлгээ хийхгүй гэсэн зарчимыг Засгийн газар баримтал байгаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Хяналт үнэлгээний үндэсний хороо, ажиллах журмыг баталлаа. Түүнчлэн ЗГХЭГ-ын бүтцийг танилцуулсан. Салбар дундын уялдааг хангаж ажилладаг түр хороог байгуулна. Ийм үндэсний хороодыг байгуулаад тулгамдсан асуудлуудыг шийдээд татан буулгадаг жишиг бий. Энэ бүтцийг бид Засгийн газрын үйл ажиллагааны бүтцэдээ нэвтрүүлнэ. Бодлогын зөвлөлд ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, гурван шадар сайд, ЗГХЭГ, Хурдасгуур төв багтана. Үндэсний хороодыг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Заримыг нэгтгэх, заримыг салбар яам руу шилжүүлэхийн тулд Английн Засгийн газрын хэрэгжүүлдэг салбар дундын уялдааг хангуулах үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулна. Үндэсний хороон дээр Ерөнхий сайд салбар дундын уялдааг өөрөө хангаж ажилладаг шинэ нэгж рүү орж байна. Нэг үгээр хэлбэл, "Алсын хороо 2050 Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо" байгуулах тогтоолын төсөл баталсан гэсэн үг. Үндэсний хороонд намуудын жагсаалтаар орсон мэргэжлийн гишүүдийг оруулна" гэлээ.
Хамтарсан намуудын гэрээг боловсруулахдаа гурван намын мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгажээ. Таван бүлэг тус гэрээнд Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг тусгасан байна.
Гэрээний төслийг гурван намын төлөөллийн төв байгууллагууд хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргах аж. Гэрээний төслийг боловсруулахдаа Шинэ Зеланд улсын сайн туршлагыг үндэслэж байгаа учраас Шинэ Зеландаас зөвлөх үйлчилгээ авч гэрээг хоёр хэл дээр орчуулах юм байна. Түүнчлэн гэрээний төгсгөлд үйл ажиллагааны журмыг оруулжээ. Хамтарсан Засгийн газрын бодлогын хороо гэж байх бөгөөд энэ хороонд гурван намын дарга, гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгүүдийн дарга нар орж ажиллах аж. Ээлжит чуулган эхлэхээс өмнө бодлогын хороо хуралдаж хэлэлцэх асуудлуудаа эрэмбэлэх аж. Ингэж нэгдсэн байр суурьд хүрч, бүлгүүддээ мэдээллүүдээ өгч, улс төрийн дэмжлэг авах юм байна.
Талуудын хооронд маргаан үүсвэл дээрх Бодлогын хороо хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Энэ гэрээг зөрчсөн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар гэрээнд тусгажээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн