Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга дэмжигдэх үү

Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга дэмжигдэх үү
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэд сайдгүй ажиллах бодлого барьж байгаагаа хэлсэн. Сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд ажил хийх, шийдвэр гаргах эрхгүй, санхүүгийн ч мэдэлгүй албан тушаал учраас Дэд сайдгүй ажиллах нь зөв гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийлсэн.
Тиймээс ч шинэ Засгийн газрын анхны хуралдаанаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 16 Дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Дэд сайд бол сонгуульд нэр дэвшээгүй, нэр дэвшээд ялагдсан намын нөхдөө албан тушаалд тавихын тулд гаргаж ирсэн мест. Харин Дэд сайдгүй байх Ерөнхий сайдын санаачилга дэмжигдэхгүй байх магадлалтай. Учир нь гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас сайд нараас гадна Дэд сайд, агентлагийн дарга, төрийн өмчийн компаниудад ч хоёр намын хүмүүсээс томилно. Тиймээс Дэд сайдгүй ажиллах шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаараа гаргахгүй. Хамтарсан хоёр намтайгаа зөвшилцөж байж, Дэд сайдгүй болно. Тэгвэл Ардчилсан намынхан Дэд сайдын албыг хэвээр үлдээх сонирхлоо илэрхийлсэн гэсэн мэдээлэл ч бий.
АН, ХҮН намаас гадна МАН дотор ч Дэд сайдыг хэвээр үлдээх байр суурьтай гишүүд цөөнгүй байгаа аж. Учир нь хамтарсан Засгийн газар байгуулснаар МАН дотор олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл үүсээд байгаа. Хэдийгээр Ерөнхий сайдын зүгээс “Төрийн жинхэнэ албан хаагч нарыг чөлөөлөхгүй, шинээр орон тоо бий болгохгүй байх” чиглэлийг сайд нартаа өгсөн ч сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон түшээдээс эхлээд намын гишүүд нь ажил гуйж, эргэлдэх болж.
Гэхдээ 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хамтарч Засаг байгуулж байсан ч Дэд сайдын албан тушаалгүй болж байсан юм. Тиймээс хамтарсан намууд ойлголцож чадвал шаардлагагүй албан тушаалыг бууруулах боломжтой. Хэрвээ Засгийн газар цаашдаа дэд сайдгүй ажиллана гэвэл төсвийн тодотголд Дэд сайд нарын зардлыг танаж оруулж ирэх юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн