Open iToim app
Эдийн засаг | 7 мин уншина

Монгол Улс хөрөнгө оруулагчдад үүдээ нээж чадсан уу

Монгол Улс хөрөнгө оруулагчдад үүдээ нээж чадсан уу
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 23
Манай улсын экспорт энэ оны эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буюу 74.9 сая   ам.доллароор өссөн байна. Экспорт өсөхөд нүүрс 172.9 сая ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая  ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Үндсэндээ экспортын орлогын дийлэнх хувийг нүүрсний орлого бүрдүүлж байна. Харин нүүрсний орлогын өсөлт нь мөн л бидний урдаа барьдаг ганц мега төслийн үр нөлөө юм. Сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюу толгой” ХХК дангаар бүрдүүлж байгааг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд дурджээ. Цаашид бид хөрөнгө оруулагчдад үүдээ нээж, эдийн засгийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах нь чухал болох талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
quote photo
Манай улсад хөрөнгө оруулалтын цогц бодлого үгүйлэгдэж байна
СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан
Хөрөнгө оруулалт гэдгийг бид цогцоор нь хармаар байдаг. Эдийн засгийн агуулгаараа хөрөнгө оруулалт гэдэг дотоод, гадаадын сонирхогч талууд аливаа нэгэн зүйлд мөнгөө байршуулаад ашиг олохын төлөө үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесийн л нэг томоохон үйл явц юм. Энэ үйл явц нэгдүгээрт, эдийн засгийн таатай орчин буюу өгөөжийг шаардана. Нөгөө талд нь эдийн засгийн бус бусад орчин бий юү гэдэг асуудал байна. Үүнд хамгийн чухал нь бодлого.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого тодорхойгүй байна. Бид өнөөдрийг хүртэл хийсэн гол алдаа бол бодлого ойлгомжгүйгээр хууль батлаад байсан явдал. Хуулиараа бид олон зүйлийг өгөхийг амладаг. Тогтворжуулалт, хөнгөлтийг урт хугацаагаар өгөхийг хуульчилдаг. Гэтэл үүнд дээр байх ёстой суурь орчин буюу бодлого нь тодорхойгүй байна. Бодлого тодорхойгүй учраас хөрөнгө оруулагчид манайд орж ирэхээс болгоомжилдог.
Дараагийн асуудал бол бодлого хэмээх зүйл цаасан дээр байгаад байгаа боловч тэр нь тогтворгүй. Ерөөсөө нэг сайдаас хамаарсан бодлоготой. Засгийн газар, сайд нь тогтворгүй, улс төрийн орчин тогтворгүй үед хэн орж ирэх вэ гэдэг маш эргэлзээтэй.
Гуравдугаарт, томоохон төсөл хэрэгжүүлэхэд эдийн засгийн хүчин зүйлийг дэмждэг дэд бүтэц, хүний нөөцийн асуудал чухал. Дэд бүтэц дээр гарцаа байхгүй зам, эрчим хүч, тээврээ ярих ёстой. Монгол Улсын тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй, тээврийн зардал нийт бүтээгдэхүүний үнэд асар өндөр хувь эзэлдэг орчин руу хөрөнгө оруулагчид орж ирэх үү, үгүй юү. Эрчим хүчний хангалт нь найдвартай бус, шатахууны нөөц нь гаднын улс орноос хамааралтай. Бид энэ гурван талын асуудлыг цогцоор нь харж,  хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Эдийн засгийн орчин нь байгаад байдаг. Гэвч бодлого, хууль эрх зүй нь тогтворгүй, дэд бүтэц нь хангагдаагүй нөхцөл байдалд байна. Тиймээс гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих цогц бодлого шаардлагатай байна.
•     •     •
quote photo
Хөрөнгө оруулагчдад танилцуулах судалгаа хангалтгүй байна
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Б.Энх-Амгалан
Хөрөнгө оруулалт татахын тулд зах зээлийн судалгааг маш сайн хийсэн байх шаардлагатай. Зах зээлийн судалгаа дутуу байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид  хөрөнгө оруулах сонирхол бага байдаг. Хоёр хөрш улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монголын эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалт хийснээр эдийн засаг яаж тэлэх, эргээд хөрөнгө оруулагчдаа ямар хэмжээний үр өгөөж өгөх вэ гэдэг чиглэлийн судалгааг эхлээд маш сайн хийж, танилцуулах хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчдыг татна.
Ер нь манайд судалгаа маш хангалтгүй байна. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харуулсан судалгаа байдаг ч нарийвчилсан, тухайн салбарууд руу орсон судалгаа ховор байна.
Хөрөнгө оруулагчид орж ирэхэд гол нөлөөлдөг өөр нэг зүйл нь татвар, эрх зүйн орчин байдаг. Гэтэл татвар, эрх зүйн орчны талаар хийгдсэн судалгаа манайд одоо хүртэл бүрэн байхгүй. Өөрөөр хэлбэл, системээр нь бүрэн харж судалсан судалгаа байхгүй учраас эргээд энэ нь асуудал үүсгэж байна.
Дараагийн асуудал нь улс төрийн орчин нөхцөл. Улс төрийн орчин хэр тогтвортой байна гэдэг нь тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийчихээд сэтгэл амар өгөөж хүртэх боломжоо харна, тооцоолно. Гэтэл манайд улс төрийн тогтвортой байдлын судалгаанууд мөн л ховор байдаг. Манайд судалгаанд суурилсан бодлого шийдвэр одоогийн байдлаар дөнгөж эхлэлийн шатанд л явна. Бодит байдалд хэрэгжих шатанд хүрч хөгжөөгүй байна.
•     •     •
quote photo
Хөрөнгө оруулагчдад хаалгаа нээсэн бол тодорхой байх хэрэгтэй
МУИС-ийн дэд профессор, доктор А.Энхбат
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах гол шалтгаан нь төрийн бодлого тогтвортой бус, мөн эрх зүйн орчин өөрчлөгддөг явдал юм.
Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох гол хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгийг анхаарч бодлого шийдвэр гаргахдаа тусгаж явах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гээд ярьж байна. Үүгээрээ дамжуулаад ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучууддаа ажлын байр бий болгох зэрэг тодорхой багц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах хэрэгтэй.
Хоосон цаасан дээр бичигдсэн “бүс нутгийн хөгжил” гэх зэргээр ярихаас илүү тодорхой зорилтот төсөл хөтөлбөрүүдийг зарлаж, хөрөнгө оруулагчдад санал болгох нь илүү үр ашигтай. Тухайлбал, говийн өмнөд хэсэгт уул уурхайн салбар илүү их хөгжиж, хотжилт бий болж байгаа ч энэ нь үндэсний бодлоготой хэр уялдаж байгаа вэ, түүнийг хэрхэн яаж уялдуулж дэмжиж байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хардаг гол зүйл нь тогтвортой, найдвартай орчин. Монгол Улсын эрх ашиг юу байх вэ, хөрөнгө оруулагчдыг ямар салбарт оруулах вэ, яг аль хэсэгт нь дэмжлэг үзүүлж хамтрах тухайгаа зарлачих хэрэгтэй. Тэр нь тодорхой бус, ойлгомжгүй байхаар хөрөнгө оруулагчдын хувьд өнгөрсөн түүхийг л хараад харзнаад байгаад байна. Хаалгаа нээсэн бол тодорхой байлгах нь чухал. Өнөөдөр уул уурхайн салбар Монголын эдийн засгийг авч явж байна. Хэрвээ дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурвал манай эдийн засаг маш эмзэг. Баталгаатай эдийн засгийн бүтэцтэй биш. Тиймээс нэмүү өртөг шингэсэн, хөдөлмөр ажил эрхлэлтийг дэмжсэн салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай.
•     •     •
quote photo
Цөөн нэр төрлийн түүхий эд дээр тулгуурлаж буй эдийн засгийг тогтвортой байлгах нь чухал
Эдийн засагч Н.Энхбаяр
Өнгөрсөн онд бид 15.2 тэрбум ам.долларын экспорт гаргасан ч 2-3 нэр төрлийн түүхий эдтэй, 3 боомтоор, 2 улстай л харилцаж байна. Эдийн засгийн өсөлт цөөн нэр төрлийн түүхий эд дээр тулгуурлаж байгаа тул цаашид тогтвортой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Орлогын дийлэнх хувь нь нүүрс дээр төвлөрч байна. Өнгөрсөн онд төсвийн орлогоо өндрөөр төлөвлөөд түүхий эдийн үнэ ханш буурснаас болоод хүндрэлд орсон. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэсийн экспортын орлого нь ойролцоо байсан. Нүүрсний орлого буурахад зэсийн орлого өсөөд төсвийн алдагдлаа нөхөөд байсан хэрэг. Одоо зэсийн баяжмалын орлого нэмэгдэх боломжгүй, боломжит дээд хэмжээндээ тулсан. Нүүрсний экспортоос орж ирж байгаа орлого буурвал тэрийг нөхөх өөр орлого одоо бидэнд байхгүй. Тиймээс одоо энэ нөхцөл байдалд хямралд орчихгүй, алдагдлаа нэмэхгүй ямар бодлого хэрэгтэй вэ гэхээр хоёр зүйл дээр эхлээд төвлөрөх хэрэгтэй.
-Нэгдүгээрт, дэд бүтцээ сайжруулах. Гурван боомтын хүчин чадлаа бүрэн ашиглаж, төмөр замын ашиглалтын хүчин чадлаа сайжруулах шаардлагатай.
-Хоёрдугаарт, төсвийн зарлага тал дээр маш ухаалаг бодлого хэрэгтэй. Өнгөрсөн 3 жилд сайн байсан гээд маш хурдтай төсвийн зарлагаа нэмчихсэн. Буцаад бууруулах бодлого хэрэгтэй байна.
Монгол улсын төсвийн зарлага өнгөрсөн 5 жилийн дотор 3 дахин нэмэгдэж 9 их наядаас 27 их наяд болсон. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд 32 их наяд болгоно гэсэн өөдрөг төсөөлөл байна. Төсвийн зарлагыг бууруулах бодлого чухал. Тэгэхгүй бол гадаад өрийн дарамтад орох эрсдэл өндөр байна.
Геополитикийн нөхцөл байдлаас хамаараад ОХУ түүхий эдийн экспортоо их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа, ялангуяа Ази номхон далайн зах зээл ОХУ-ын гол зах зээл болчихлоо. Хятад улс хоорондын худалдаа 200 гаруй тэрбум долларт хүрсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Элгински нүүрсний уурхайгаас хувийн хөрөнгө оруулалтаар 500 гаруй км төмөр зам тавиад Чумикан гээд шинэ боомт бариад дуусч байна. Уг боомт ирэх оноос ашиглалтад орсноор жилдээ 20 гаруй сая тонн нүүрсний экспорт нэмэгдэхээр байна. Энэ нь Монгол Улсын экспортод сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тэгэхээр энэ бүхнийг угтаад бид экспорт талдаа маш болгоомжтой, хэт өөрдөг бус бодлого баримтлах шаардлагатай. Дэд бүтцийн холболтын ажлуудаа шуурхай хийх шаардлага гарна. Нөгөө талд төсвийн зарлагаа бууруулах бодлогоо эрчимтэй явуулахгүй бол зардал нэмэгдэх боломжоо бүгдийг нь ашиглачихсан. Энэ геополитикийн нөхцөл байдал яаж шийдэгдэхээс хамаараад бид төсвийн алдагдлаа нэмэгдүүлэхгүй байх эсэх нь хамаарна. Тиймээс Засгийн Газарт орж байгаа бүх намууд төсвийн зарлагаа хэмнэлттэй болгох талаас нь маш их анхаарах шаардлагатай.
•     •     •
Манай улсад уул уурхайн салбарын 10 гаруй нэр төрлийн түүхий эд байгаа ч гурван нэр төрлийн бүтээгдэхүүнээр экспортынхоо 90 хувийг бүрдүүлж байна. Улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаар хангаж буй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ойрын ирээдүй, дэлхий нийтийн төлөв, төсөөллийн тухай багц мэдээллийг #ТОЙМТОО нэвтрүүлгийн “ЭРДЭС БАЯЛАГ БА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” дугаараас хүлээн аваарай.
Нэвтрүүлэг үзэх холбоос: https://fb.watch/tw6S-Pa0SQ/
Ц.Санчирмаа нь 2011 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн