“Дэлхийн Монгол” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Рио Тинто” группийн хүдрийн биетийн бүтээмж сайжруулалт, технологийн менежер Жамъянбаатарын ЯНСАН-г урьж ярилцлаа. Тэрээр уул уурхай, геологийн салбарт тасралтгүй 15 жил ажилласан, тэр дундаа дэлхийн томоохон уурхайнуудад геологийн ажлыг технологитой уялдуулан оновчтой шийдвэр гаргалтыг хийж ирсэн туршлагатай нэгэн юм. Орд бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Харин түүнийг геологийн хувьд технологийн ямар шийдлээр мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээллээ боловсруулж, уурхайн аюулгүй байдал, санхүүгийн болон бусад эрсдэлээс сэргийлэх технологийн шийдлийг боловсруулах ажил хийдэг. Нэг үгээр хэлбэл, Ж.Янсан одоо "Рио Тинто"-гийн Зэсийн группийн төсөл болон уурхайнуудын технологийн шийдлүүдийг олох ажлыг хийж байгаа аж.
-Та Монголдоо их сургууль төгссөн юм байна. Таны ажил, амьдралын гараа хэрхэн эхэлж байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Би эхнэр гурван хүүхдийн хамт Австрали улсад ажиллаж, амьдардаг. Одоогоор "Рио Тинто"-гийн Зэсийн группт Геологийн бүтээмж сайжруулалт болон технологийн хэлтсийн менежер гэдэг албан тушаалтай ажиллаж байна. Бүтээмж бол технологитой салшгүй холбоотой. Бид технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлдэг. Геологич хүний бүтээмж технологи ашигласнаар нэмэгдэж, одоогийн хүчин чадлаараа илүүг бүтээх үндэс болдог. Үүнтэй зэрэгцээд тухайн хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр болдог.
Би багаасаа дэлхий хэрхэн оршин тогтнодог, зүй тогтлыг их сонирхдог байсан. Мөн технологи сонирхдог хүүхэд байлаа. Манай аав геофизикч хүн байсан. Тиймээс аавынхаа мэргэжилтэй ойр геологич эсвэл программист болохоор шийдсэн. Ингээд 2002 онд ШУТИС-д Геологийн зураглалын ангид ороод хувь заяагаа геологийн салбартай холбоод 20 орчим жил болж байна даа.
-Төгсөөд мэргэжлээрээ дотооддоо хэдэн жил ажилласан бэ. Хувь заяагаа "Рио Тинто"-той хэрхэн холбож байв?
-Би багаасаа англи, орос хэлтэй байсан. Хоёрдугаар курс төгсөх жил манай Бат-Өлзий багш намайг талийгаач Гандөш ахын "Говь Эксплорейшн" хайгуулын геологийн компанид орчуулагчаар ажилд оруулж өгсөн. Тухайн компанидаа сургуулиа төгстлөө ажилласан. Зундаа орчуулагчаар компанидаа ажиллаад сургалтын төлбөрөө олчихдог оюутан байлаа. Их сургуулиа төгсөөд компанидаа үргэлжлүүлэн ажиллаж, Говь-Алтайд нүүрсний хайгуулын талбайн ажилд томилогдож ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай компани "Рио Тинто"-той хамтраад нүүрсний талбайд хайгуул хийж байсан. Тэр үед анх "Рио Тинто"-той холбогдож байлаа.
-Тухайн үед Оюу толгойн төсөл эхэлж байсан уу?
-Тухайн үед "Рио Тинто" Монгол Улсад дахин орж ирж байсан. Өмнө нь "Рио Тинто" Монголд байж байгаад гарч яваад буцаад дөнгөж орж ирээд хайгуулын талбайнуудад хайгуул хийж эхэлж байсан үе. Намайг 2006 онд сургуулиа төгсөөд нүүрсний талбай дээр хайгуул хийж байхад “Рио Тинто”-гийн хоёр тэтгэлэг зарлагдсан байсан. Нэг нь хуульч, нөгөө нь геологичоор гадагшаа сургуульд явах тэтгэлэг. Тэгээд би Говь-Алтайд ажиллангаа тэтгэлэгт материалаа өгсөн. Ингээд "Рио Тинто"-гийн тэтгэлэгт тэнцэж, 2006 оны арваннэгдүгээр сард Австрали улс руу магистрт явах боломж олдсон юм.
-Та Тасманийн их сургуульд магистраа хамгаалсан юм байналээ. "Рио Тинто"-гийн тэтгэлээр магистраа энэ сургуульд хамгаалсан гэсэн үг үү?
-Тийм ээ, "Рио Тинто"-гийн 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж Тасманийн их сургуульд магистраа хамгаалсан. 100 хувь тэтгэлэгтэй байсан учраас хичээл, сургуульдаа 100 хувь анхаарах боломжтой байсан. Тухайн үед бие даагаад гаднын улсад анх удаа ирж байлаа. Анх онгоцноос буугаад "би хаана ирчих вэ, одоо хаашаа явах вэ" гэдэг асуултуудтай тулгарч байлаа.
Манай их сургуулийн ангийн багш Бат-Өлзий гэж хүн байсан юм. Бат-Өлзий багш “үүнийгээ хийчих. Энийг хийчихвэл чи болох гээд байна” гээд араас санаа тавиад байдаг байсан. Гадаадад бол би хичээлээ хийгээгүй бол араас хэн ч хөөцөлдөхгүй, санаа тавихгүй. Чиний хичээлээ хийх, үгүй хэнд ч хамаагүй. Төлбөрөө төлчихсөн бол хамаагүй. Тиймээс чи өөрөө өөрийнхөө ирээдүйг хариуцна гэсэн хариуцлагын тогтолцоотой байсан. Өөрөөр хэлбэл, намайг төгсгөх нь багшийн хариуцлага биш миний өөрийн хариуцлага юм байна гэдгийг тухайн үед ойлгож байлаа.
Би Оюу толгойд 2009 онд ороод, 2017 онд "Рио Тинто"-гийн Зэсийн группт Нөөцийн ерөнхий геологичоор ажилд ороод 2021 он хүртэл гэр бүлээрээ АНУ-д ажиллаж, амьдарсан. 2021 онд одоогийн ажил руугаа шилжсэн юм.
Гадаадад бол би хичээлээ хийгээгүй бол араас хэн ч хөөцөлдөхгүй, санаа тавихгүй. Чиний хичээлээ хийх, үгүй хэнд ч хамаагүй. Төлбөрөө төлчихсөн бол хамаагүй. Тиймээс чи өөрөө өөрийнхөө ирээдүйг хариуцна гэсэн хариуцлагын тогтолцоотой байсан. Өөрөөр хэлбэл, намайг төгсгөх нь багшийн хариуцлага биш миний өөрийн хариуцлага юм байна гэдгийг тухайн үед ойлгож байлаа.
-Энэ хүртэл таны маш их хөдөлмөр байгаа. Дэлхийн том компанийн тэтгэлэгт шалгарч суралцаад, мэргэжлээрээ компанидаа ажиллаад явж байна. Үүнд хүрэхийн тулд та хэрхэн суралцаж, ажиллаж байв?
-Хамгийн түрүүнд хэл маш чухал. Миний хувьд ээжийнхээ ачаар багаасаа орос, англи хэл сурсан. Ээж маань боловсрол хамгийн чухал гээд бидний боловсролд маш их анхаарлаа хандуулдаг байсан. Дунд сургуулиа орос сургууль төгссөн. Сургууль маань англи, орос хэл заадаг байсан юм. Мөн ээж багаас л англи хэлний дамжаанд суулгадаг байсан. Боловсрол хамгийн чухал гээд толгойд шингээж өсгөсөн.
Мөн миний багын сонирхол технологийн салбар байсан. Тухайн үед интернэт дөнгөж орж ирж, анхны компьютертой болж байсан. Тэр компьютероо хэдэн жил өөрөө засаж, сэлбэж, задалдаг технологийн хоббитой хүүхэд байлаа. Тиймээс ч хоббигоороо нэлээд их юм сурсан. Үүнээс харахад хүн боловсрол өөрийн сонирхол хоёроо нэгтгээд явбал хүссэн амжилтдаа хүрч болох юм шиг санагддаг. Мэргэжил, сонирхол хоёроо холбоод явж байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Одоо та үндэстэн дамнасан "Рио Тинто" группийн Австрали дахь салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Дэлхий том групп компанид ажиллах ямар байдаг вэ. Туршлага, мэдлэг маш их хуримтлуулж байна уу?
-2009 онд магистраа төгсөж Монголдоо ирээд "Рио Тинто"-гийн тэтгэлэгтэй байсан учраас Оюу толгойд хуваарилагдаж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаагүй байсан. Ажлын гараагаа хайгуул геологийнхоо ажлаас эхэлж байлаа. Мөн тухайн үед манай компаниас намайг бүх хэлтсүүдээр тойроод үз гэдэг боломж олгож байсан. Орон нутгийн болон геологийн хэлтсүүдэд ажиллах сонголт байсан. Тухайн үед Орон нутгийн хэлтсийг Оюу толгойг нээхэд чухал оролцсон геофизикч Санждорж ах хариуцдаг байлаа. Санж ахын зөвлөгөөний дагуу мэргэжлээрээ ажиллах сонголт олдсон юм.
Одоо хийж байгаа ажил маань "Рио Тинто"-гийн Зэсийн группийн төсөл болон уурхайнуудын технологийн шийдлүүдийг олох. Төслүүд дээрээ геологийн хувьд ямар технологи, ямар шийдэл байх вэ гэдгийг эрэлхийлдэг гэж хэлж болно. Хүдрийн биет бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тэр бүхэнд нь таарсан технологи юу байна вэ гэдгийг бид олдог. Үүнээс гадна уурхайн геологи гэдэг хэсгийг авч явдаг. Энгийнээр хэлэхэд чулуулаг хүдэр болж, үйлдвэр эсвэл, хаягдлын овоолго руу явах уу, хаягдлын далан дээр барилгын материал болж очих уу, эсвэл урт хугацаанд хадгалах эсэх шийдвэр гаргадаг ажил гэж ойлгож болно.
-"Рио Тинто"-д монгол залуус хэр олон ажилладаг вэ. Дэлхийн том компанид гаднынхантай мөр зэрэгцээд ажиллахад бидэнд туршлага, мэдлэг дутагдах тал байдаг уу?
-Манай оффист маш олон монгол залуу ажилладаг. Гаднын хүмүүстэй харьцуулахад монгол хүн илүү задгай сэтгэдэг. Монголчилж сэтгэдэг. "Монголчилно" гэдэг нь шийдэл сайн олдог гэсэн үг. Монгол хүн хайрцаглагдаагүй, задгай сэтгэдэг. Энэ ч утгаараа шийдэл олдог, сэтгэдэг. Энэ бол маш том соёлын ялгаа. Энэ шийдлүүд нь ч их үнэлэгддэг. Алхам бүрийг нь яг дагахын оронд нэг алхмыг нь ч гэсэн хялбарчлаад хүрэх газраа илүү хурдан хүрч чаддаг нь монгол залуучуудын онцлог.
-Хүн сургуульд сурч, мэдлэг, мэргэжил эзэмшихээс гадна ажлын байран дээр гарч туршлага хуримтлуулж, сурч мэдэх нь хамгийн чухал байдаг. Тэгвэл та Оюу толгой компаниас ажил, мэргэжлийн хувьд суралцсан зүйл юу байв. Энэ нь цаашдын таны ажил, карьерт хэрхэн нөлөөлж байна бэ?
-Оюу толгойд ажилласнаараа маш их зүйл суралцсан, түүнээс мэргэжлийн хувьд онцлох зүйл гэвэл надад хайгуул, ил, далд уурхай болон нөөцийн геологит ажиллах боломжууд гарч, геологич хүний хувьд хийж болох бүх л ажилд туршлага хуримтлуулж, их өргөн цар хүрээний мэдлэгтэй болсон.
Эргээд энэ нь одоогийн хийж байгаа ажилд их ач холбогдолтой байдаг. Учир нь технологи болгон нь аль нэг геологийн үйл ажиллагаатай холбоотой байдаг ба тэр болгоныг ойлгож хаана юу нэвтрүүлбэл бүтээмж нэмэгдэж хүний ажил хялбар болох талаас нь олж харахад дөхөм байдаг.
-Оюу толгой, "Рио Тинто" компаниудаас олж авсан таны хамгийн үнэт зүйл юу гэж хэлэх вэ?
-Хамгийн чухал зүйл бол мэдээж хамт олон, найз нөхөд, хамтран зүтгэгч нар юм. Маш олон чадварлаг хүмүүстэй танилцаж, гадаад монгол, хөгшин, залуу гэлтгүй хамтдаа ажиллаж, нэг нэгнээсээ юм суралцаж, санаа солилцож байдаг.
Хүн, хүний хөгжилд Оюу толгой, "Рио Тинто" компаниуд их ч хөрөнгө зарцуулдаг, иймээс ч олон залуу дэлхийн хэмжээний боловсон хүчин болж гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа. Үүнээс хамгийн үнэт зүйл нь хүн өөрөө гэж харагдаж байгаа юм.
-Дэлхийн жишиг компанийг Монгол Улсад бүтээж буй үед та ажиллаж байсан. Компанийн нэг соёлыг бусад ААН, ажил олгогч нарт зөвлөөч гэвэл ямар соёлыг нэрлэх вэ?
-Миний хувьд зарчим болон байгууллагын соёл хамгийн чухал. Ямар ч үед болж байгаа зүйлээ сайшааж, болохгүй байгаа асуудлыг сөхөж ярилцахад нээлтэй өөрийн үзэл санааг чөлөөтэй илэрхийлэх нь маш чухал гэж бодогдож байна. Байгууллагын соёл нь үнэт зүйлстэй салшгүй уялдаатай юм. Хамгийн гол нь зөвхөн тухайн зарчмуудыг цаасан дээр буулгахдаа биш, амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал юм. Мэдээж алдаа оноотой байдаг ч, үнэт зүйлс, зарчимдаа хөтлөгдөж явах нь маш чухал юм.
-Манай геологийн салбар хөгжөөд явж байгаа байх. Энэ салбарын хүний хувьд геологийн салбарын хөгжил ямар хэмжээнд явж байна вэ?
-Би олон жил гадаад компанид ажиллаад явчихсан болохоор Монголын геологийн салбарын мэдлэг дутмаг тал бий. Хууль эрх зүйн орчин, нийгмийн хандах хандлагаас авахуулаад сайжруулах их зүйл харагддаг. Хариуцлага тооцох, хууль, стандарт, журам мөрдөх, хариуцлагатай уул уурхайн бизнес дэмжих тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг. Монголд жижиг уул уурхайн компани маш олон байдаг алт, нүүрс, жонш гэж мэтчилэн олборлож энд тэндгүй бичил уурхай газар хөндсөн харагддаг. Энэ бүхнээс эхлээд уул уурхайн салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж байдаг.
Нөгөө талаас нь гаднын том хөрөнгө оруулагч орж ирвэл, ялангуяа дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдаалж байгаа байгууллагыг татаж оруулж ирвэл хариуцлагатай уул уурхай хөгжих болов уу. Хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын шаардлага өөрчлөгдөж байгаль орчин, нийгэм болон засаглалын түлхүү шаардлага тавигдаж байна. Ингэж чадвал өрсөлдөөн нэмэгдэж, тогтолцоо сайжирч, боловсон хүчний үнэлэмж нэмэгдэнэ.
Манай улс хүн ам цөөтэй учраас хэдхэн том уурхай хэрэгтэй. Хэдхэн том уурхайгаараа эдийн засгаа босгоод хүндээ хөрөнгө оруулаад монгол хүнээ хөгжүүлээд явах боломжтой гэж хардаг. Миний мөрөөдөл бол нийгмийн хариуцлагатай компаниудтай болох, зөвхөн ашгийн төлөө бус улс орныхоо нийгмийн асуудлуудыг шийдээд, боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийгээд явахад манай улс хөгжих боломжтой гэж хардаг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Жаахан хийсвэр юм ярих байх. Хувь хүний хувьд гаднаас яаж эх орондоо хувь нэмэр оруулах вэ, залуучуудаа хэрхэн урам зориг өгөх вэ, яаж боловсролтой болгох вэ гэсэн бодол, зорилго тээж явдаг. Миний хувьд боловсрол бүх зүйлийн үндэс суурь гэж боддог. Боловсролтой нийгэм, боловсролтой хүмүүс оновчтой шийдвэр гаргана, юмыг олон өнцгөөс харна. Боловсролтой, юм мэддэг хүмүүс л энэ улс орныг авч явна. Нэг талаасаа монголчууд гаднын улсуудад тарж ажиллаж, амьдрах нь сайн ч нөгөө талаас улсынхаа оюуны хөрөнгийг алдаж байна. Тиймээс энэ их оюуны хөрөнгийг яаж нөхөж, боловсон хүчнээ бэлтгэх вэ гэдэг хамгийн чухал.
Гаднын улс оронд намайг Янсан гэж харахаас илүү монгол хүн л гэж харна. Тиймээс би хүн ажлаа цалгардуулдаг, компанид үнэ цэн авчрахгүй, буруу зүйл хийгээд явбал бусад монголчуудынхаа боломж, үүд хаалгыг хаана. Энэ утгаараа хүнд маш том хариуцлага ирдэг. Зөвхөн өөрийгөө биш эх орныгоо төлөөлж явж байгаа гэж боддог учраас их хариуцлагатай хандахыг хичээдэг.
-Гадаадад сурах хүсэлтэй, дэлхийн томоохон компаниудад ажиллах зорилготой залуус та бид хоёрын ярилцлагыг унших байх. Энэ залууст хандаж та зөвлөгөө өгөөч?
-Сониуч бай, зөв хүмүүжилтэй зөв хүн бай. Дэлхийн том компаниудад соёлын өөрчлөлт орж байна. Нэг дарга бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо хамт олноороо, багаараа шийдвэр гаргадаг болсон. Залуучууд хоорондоо ярьж байгаа нь, асуудал шийдэж байгаа нь өөр болсон. Дундын шийдвэр гаргаж байна. Миний санаа хамгийн мундаг гэж зүтгэхгүй байна. Зөв хүн байгаад боловсролтой, зарчимтай байхад хүн амжилтад хүрч чадна.
Ихэнх амжилттай ажиллаж байгаа хүмүүс ажлаа нарийн төлөвлө гэж зөвлөсөн байгаа харагддаг. Би хувьдаа төлөвлөгөө тухайн төслөөс хамаарч зөв түвшинд байх хэрэгтэй гэж боддог. Төлөвлөгөөгөө уян хатан байлгаж, хурдан зүг чигээ өөрчлөх технологийн салбарынханд илүү тохиромжтой. Манай салбарт ажиллаж байгаа хүмүүс алдаанаасаа суралцдаг байх хэрэгтэй. Нэг юм туршиж үзээд болохгүй бол дараагийн төлөвлөгөө рүүгээ маш хурдан ордог. Хаана хүрэх ерөнхий дүр зургаа гаргачхаад туршаад явах нь ажил хурдан урагшлахад дөхөм байдаг.
Барууныхан бол маш нарийн төлөвлөөд алдаа гаргахаас их айж, сэргийлдэг. Миний хувьд алдаа гаргах нь сурах боломж гэж хардаг. Харин алдаа гаргачихаад суралцаагүй үлдвэл хамгийн буруу. Тиймээс би хүүхдүүддээ ч “алдахаас битгий ай алдаанаасаа суралцах нь чухал” гэж хэлдэг. Энэ зарчмаар явахад ажил илүү хурдан, бүтэмжтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд намайг энэ хэмжээнд ажиллахад миний ар талд хань минь байсан, түүндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.