2024-2025 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-ээс эхэлнэ. Тэгвэл бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. -Энэ жилийн хувьд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус, нийт хэчнээн цэцэрлэгт хэдэн хүүхэд хамрагдах вэ?-2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 290 мянга гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээ үүснэ. Гэвч хүүхдээ цэцэрлэгт өгөх, эсэх нь эцэг эхийн хүсэлтэд тулгуурладаг учраас хэдэн хувь нь хүүхдээ цэцэрлэгт хамруулах нь бүртгэлийн дараа тодорхой болно. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үед нийслэлд төвлөрч ажилласан. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 35 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээрээ хамран сургалтыг 92.9 хувьд хүргэсэн. Цэцэрлэгийн гадна 8000 орчим хүүхэд л үлдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн 8000 орчим хүүхдийн эцэг эх нь хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт өгөөгүй гэсэн үг.Энэ хичээлийн жилд бид өмнөх прогноз дээрээ тулгуурлан бэлтгэл ажлыг хангаж байна.