УИХ-ын ээлжит сонгууль болж манай улс анх удаа 126 парламентын гишүүнийг сонгоод байгаа. Хөдөө орон нутгаас болон анх удаа парламентад сонгогдсон Их хурлын гишүүдэд 50 хүртэлх сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх хуулийн заалттай.
Тэгвэл шинэ бүрдсэн парламентаас 48 гишүүн орон сууц авах хүсэлтээ УИХ-ын тамгын газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Харин тус мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын тамгын газраас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн агуулга бүхий ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд үүнийг нягтлалгүй мэдээ болгон түгээсэн байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа жигдэрч, Намрын ээлжит чуулганы бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт огт ирүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын Гишүүний бүрэн эрх, нийгмийн баталгааг хуульчилдаг. Үүнд улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах талаар ямар нэгэн зохицуулалт огт тусгагдаагүй болно. Иймд Улсын Их Хурлын гишүүн нь улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт, өргөдөл гаргах ямар ч боломжгүй бөгөөд иргэдийн төлөөллийнхөө хувьд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болно.