“Трафигура”-гийн Э.Жононбаяр гэх нэрийг сонсоогүй хүн Монголд цөөн биз. Монголчуудад ичнээ танил энэ эрхэм хамаарал бүхий компаниудаараа дамжуулан керосин, нафта татваргүй оруулж ирж холиод хуурамч шатахуун, дизель түлш үйлдвэрлэдэг талаар мэдээлэл хэвлэлд цөөнгүй гарч байсан.
Э.Жононбаяр нь 2012 оны нэгдүгээр сард “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар томилогдож байжээ. Үүнээс хойш тэрээр хуурамч шатахууны бизнесээ цэцэглүүлсэн гэж хэлж болно. Э.Жононбаярын ээж, нагац ах, нагац эгч, хүргэн ах нарын нэр дээр 22 компани бүртгэлтэй байдаг бөгөөд бүгд хуурамч шатахууны түүхий эд буюу керосин, нафта, алкилатыг импортлох, тээвэрлэх, борлуулах, найруулах ажил хийдэг байна. Илүү тодруулж хэлбэл, тэдний гэр бүлийнхний нэр дээр “Трафигура монголия”, “Трансгайд сервис”, “Хөрс ойл”, “Петро ойл трейд”, “Даймонд ойл”, “Зууннайм ойл”, “Аргал ойл”, Трансгайд терминал”, “Ист-Ойл”, “Тод петролиум” гэх мэт 20 гаруй компани бүртгэлтэй байгаа юм.
2015 оны арваннэгдүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Гэтэл онцгой албан татваргүй нефтийн бусад бүтээгдэхүүний импорт 2016 оноос эрс нэмэгдсэн. Керосины импорт 2016 онд 13.2 дахин, нафта 2.3 дахин өссөн гэдгийг Засгийн газраас 2019 онд өгсөн мэдээлэлд дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуурамч гэгддэг чанаргүй түлшинд хамгийн ихээр хэрэглэгддэг керосин болон бусад дайвар бүтээгдэхүүний импорт энэ үеэс “пуужиндсан” гэж болно. Харин үүнээс ашиг олдог хүмүүс бол Э.Жононбаяр болон түүний гэр бүлийнхэн. Тэд өдгөө монголын толгой баячуудын эгнээнд багтаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн МАН-ын нэр дэвшигчдийн онгоцыг хүртэл цэнэглэж өгсөн гэдэг. Энэ удаагийн сонгууль том тойрогтой байсан учраас нэр дэвшигчид уулзалтаа шуурхай хийхийн тулд нисдэг тэрэг хөлөглөсөн. Тэгвэл нэр дэвшигчдийн нисдэг тэргийг Э.Жононбаяр үнэгүй цэнэглэж өгчээ. Харин тэр үүнийхээ хариуд эрхэм гишүүдээс юу авдаг бол гэдэг нь сонин.
Манай улс жилд импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь 66 хүртэлх хувиар их байна гэдэг дүгнэлтийг Аудитаас гаргаж байсан. Тодруулбал, 2018 онд 48, 2019 онд 19, 2020 онд 66 хувиар импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь давсан гэж аудитын тайланд дурдсан. Энэ нь керосин, нафтаг татваргүй оруулж ирээд чанар муутай шатахуун хийж борлуулж байгааг илтгэх нэг баримт юм. Керосин зэрэг нефтийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирснээр зарим компани “хулхи” түлшний үйлдвэрлэлээр багагүй мөнгө олж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүн үзэж, онцгой татвар ногдуулах хуулийг 2020 онд санаачлан УИХ-д өргөн барьсан байдаг. Хуулийн төсөл жил гаруй “дуншиж”, 2021 онд УИХ-аар батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, керосин, нафта зэрэг нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүний тонн тутамд 285 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулснаар импортыг хязгаарлаж эхэлсэн. Ингэснээр хуурамч шатахуун дизель түлшний асуудал бага ч гэсэн цэгцэрч эхэлсэн юм.
Харамсалтай нь гуравхан жилийн дараа Үндсэн хуулийн цэц керосин, нафтаг татвартай оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр монголчууд дахиад л чанаргүй шатахуун, дизель түлш хэрэглэх болсон. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтийг нь УИХ хүлээж авснаар буцаад керосин, нафтаг хилээр татваргүй оруулж ирдэг болсон. Цэцийн дүгнэлт гарсантай зэрэгцээд 360 вагон керосин, нафта хийлээр оруулах гээд хүлээж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан юм. Тэрээр “Манай улсад жилд 230 мянган тонн керосин, нафта оруулж ирж хольдог. Татвар, үнийн зөрүүнээс 100 тэрбумын ашиг олдог. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх шийдвэр гаргаагүй байхад л манай улсын хил дээр 360 вагон керосин, нафта ирчихсэн хүлээж байна” хэмээн хэлж байсан билээ.
Уг нь сайн чанарын шатахуун, дизель түлш хэрэглэх нь Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй. Үүний тулд л нефтийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвартай болгосон. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэц нь завсрын бүтээгдэхүүнүүдийг онцгой албан татвартай оруулж ирэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж буцаад л хольсон, чанаргүй шатахуун, дизель түлш хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Харин энэ бүхний ард Э.Жононбаяр болон түүний гэр бүлийн ашиг орлого, бизнесийн эрх ашиг бий. Тэдэнд Үндсэн хуулийн Цэц нь ч, УИХ нь ч үйлчилж өнөөдрийг хүртэл керосин, нафтаг татваргүй оруулж ирсээр байна.