БНХАУ-ын Тяньжин боомтод манай улсын чингэлэг ачигдахгүй, бөөгнөрөл үүсээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, Тяньжин боомтод сүүлийн хоёр сар Монгол Улс руу хаягласан чингэлгийн тоо энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж бөөгнөрөл үүсч, иргэд ч ачаагаа авч чадахгүй 2-3 сар хүлээж байгаа. Учир нь Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр чингэлэг ирдэг байсан ч энэ оны тавдугаар сараас эхлэн нэг галт тэрэг болж буурсан. Үүнээс болоод 6000 хүртэлх чингэлэг тээвэр боомтод гацаад байсан.
Тиймээс Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос ачаа, тээвэр гацсан асуудлаар Хятадын талаас тодруулахаар Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамаар дамжуулан тодруулах гэсэн боловч албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн талаар мэдээлж байсан. Уг нь Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг байсан ч нэг болгон бууруулсан талаар тайлбар одоог хүртэл Хятадын талаас ирээгүй байна.
Тяньжин боомтод Монголын ачаа галт тэргэнд ачигдаж чадахгүй, тээвэр буурч, асуудал үүсэхэд манай улсад УИХ-ын ээлжит сонгууль болж байсан учраас энэ асуудлыг шийдэхгүй, орхисон. Тэгвэл сонгууль дуусч чингэлгийн тээврийн асуудлыг шийдэж эхэлсэн талаар албаныхан хэллээ. Тодруулбал, сонгуулийн маргааш буюу зургадугаар сарын 27-нд ачаа тээврийн бөөгнөрлийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг гаргажээ. Тэгвэл энэ ажлын хэсгийн үр дүн гарч чингэлэг тээвэр эргээд хэвийн байдалдаа орж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэв.
Боомтуудын ачааллын талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос тодруулахад “Монгол Улс 39 боомттой. Үүнээс БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг. Тяньжиний боомтын тээвэрлэлтийг вагон болон автомашинаар хийдэг. Хоёр, гуравдагч улсаас ирж буй ачаа тээвэр Тяньжинь боомтоос Эрээн-Замын-Үүдэд ирдэг. Энэ сарын эхний 16 хоногт Тяньжинаас Монгол руу 19 цуваа ачсан. Одоо гараад буй ачаа тээврийн бөөгнөрөл бол төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудал. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвр энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд 24 цагаар ажилладаг болсон. Ингэснээр 22.00 цагаас эхлээд өглөө 08.00 цагийн хооронд 300-400 тээврийн хэрэгсэл боомтоор нэвтэрч байна. Боомтод ачаалал үүсэх нь харьцангуй бага болсон. Баярын өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт долоодугаар сарын 10-15 хооронд амарсан. Төмөр замын боомт галт тэрэгний хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна. Боомтоор гарч байгаа цуваануудын тоо нэмэгдэж байгаа” гэсэн юм.
Харин үүсээд буй нөхцөл байдлын талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайгаас тодруулахад “Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр чингэлэг ирдэг байсан ч энэ оны тавдугаар сараас эхлэн нэг галт тэрэг болж буурсан. Үүнээс болоод 6000 хүртэлх чингэлэг тээвэр тухайн боомтод гацаад байсан. Харин долоодугаар сараас эхлээд хэвийн байдалдаа орж, хоёр галт тэрэг явж эхэлсэн. Тяньжиньд бөөгнөрсөн ачаа тээвэр буурч байгаа” гэлээ.
Одоогоор Тянжинь боомтод Монгол Улсын 5000 гаруй чингэлэг тээвэр ачигдаагүй, хүлээгдэж байгаа аж. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг.