“Мөнхжин” харшил, хүүхдийн эмнэлгийн эмч Н.Байгалмаатай харшил өвчний талаар ярилцлаа.
-Харшил юунаас үүсдэг вэ. Одоо бараг хүн бүхэн л харшилтай болжээ?
-Ямар нэгэн гаднын бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэж нэрлэдэг. Харшил ерөнхийдөө хэт мэдрэг байдлаас үүсдэг. XXI дүгээр зууныг харшлын зуун гэж нэрлэдэг. Бид өмнө нь байгаль ахуйтайгаа ойр, байгалийн гаралтай хоол хүнс, жимс ногоо түлхүү хэрэглэдэг байсан. Тэр цагт харшил гэдэг зүйл харьцангуй бага байсан. Одоо бол агаарын бохирдол, стресс ихтэй болсон. Хоол хүнс нь ч хэтэрхий гурил голчилдог, сахарлаг хүнс ихээр хэрэглэхээс гадна антибиотикийн хэрэглээ маш өндөр болсон. Антибиотикийг ихээр хэрэглэхэд хүний ходоод гэдэсний ашигтай бактерийн хэмжээ багасаж байдаг. Түүнээс болоод харшлын урвалыг дарангуйлдаг, дархаа сайжруулдаг, эмгэг төрөгч бактерийг устгадаг, витамин нийлэгжүүлдэг олон чухал үүрэгтэй ходоод гэдэсний ашигтай бактериа устгаж байдаг. Үүнээс болж харшил үүсэх эхлэл тавигддаг гэж хэлж болно.
Сахар ихтэй хүнс, дэлгүүрийн талх, боов боорцог гээд ямар ч минералгүй, ислэггүй зүйлсийг хэрэглэх нь ходоод гэдэсний ашигтай бактери, эсийг үхүүлж байдаг. Дээр дурдсан минералгүй, ислэггүй хол хүнсийг хэрэглэснээс шалтгаалж ходоод гэдэсний замаас эхлэлтэй харшлын өвчин улам ихсэж байгаа. Астма өвчний 80 хувь нь 0-5 насандаа үүсдэг. Халуураагүй хэр нь цээж нь шуугиад дахин дахин ханиад хүрээд хатгаа болоод, эмнэлэгт хэвтээд эмнэлгээр олон дахин явах тусам л антибиотик хийлгэж, ашигтай бактериа устгаж, улам л өвчлөмтгий болж байдаг. Мөн түүнчлэн харшлыг нэмэгдэхэд ахуйн болон химийн бодис их нөлөөлдөг.
-Зуны цагт ургамлын харшил ихэсдэг шүү дээ. Ер нь ургамлын харшил юунаас болж үүсдэг вэ?
-Ургамлын харшил бол ургамал цэцэглэх үеэс эхлээд хатаж хагдрах цаг хүртэл үргэлжилдэг улирлын чанартай харшил. Ургамлын харшлын шинж тэмдгүүд бол хамраас усан нус гарах хамар битүүрэх, найтаах, нүд улайх, хамар, чих хоолой загатнах. Эхлээд хамар, нүдний зовуурь өгч байсан бол хүндрээд ирэхээрээ гуурсан хоолой руугаа орж цээж бачуурах, ханиалгах, цээж шуугьж астматай болох тохиолдол маш их байгаа.
-Харшлыг өөрсдөө дур мэдэж эмчлэх оролдлого их хийдэг шүү дээ. Өөрсдөө дур мэдэн эмчлэх нь үр дүнтэй байж чадах уу?
-Хүмүүс мэргэжлийн эмчид үзүүлж, хүнд хөнгөндөө таарсан эмчилгээ хийлгэх бус, бие биеэсээ буруу зөвлөгөө аваад, өөрсдийгөө эмчлэх гээд байдаг. Өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролддог. Харшил бол тодорхой хугацаанд үргэлжлэх зүйл. Харшлын үргэлжлэх хугацаанд хүчтэй эм ууж намдаагаад нэг, хоёр удаад намдаж болно. Жишээ нь модны харшилтай байлаа гэхэд модны тоосонцор гөвөхөө болих үед модны харшлын үе дуусдаг. Түүнээс энэ эмийг хэрэглээд энэ тариа тариулаад харшил зүгээр болчихлоо гээд нэг нэгэндээ буруу сурталчилдаг. Тэр бол маш буруу зүйл. Харшлаа намдаах хамгийн энгийн арга бол харшил төрүүлэгчээсээ зайлсхийх. Биедээ, хамартаа хуримтлагдсан тоосонцрыг угааж арилгах, гэртээ орж ирээд хувцсаа тайлж битүү саванд хийх зэргийг гэр бүлээрээ хэвшүүлэх хэрэгтэй.
-Харшил сэдрээдэг хүнс гэж бий юү. Харшилтай хүмүүс ямар хүнсийг хориглодог вэ?
-Харшлах магадлал их хоол хүнс хэдэн зуу мянгаараа байдаг ч хамгийн их харшил өгдөг есөн хүнс байдаг. Үүнд:
Шар буурцаг зэрэг ордог. Хэт харшламтгай хүн дээрх есөн төрлийн хүнс орсон бүтээгдэхүүнээс болоод хэл загатнах, хавдах, бөөлжих, суулгах, арьсан дээр тууралт гарах, амьсгал бачуурах, даралт буурах шинжүүд илэрч болно.
-Харшил үүсэхэд гадаад хүчин зүйлээс гадна ген нөлөөлдөг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол 80 хувь, ээж нь харшилтай бол 50 хувь, аав нь харшилтай бол 25-30 хувиар хүүхдэд дамжиж болдог. Гэхдээ аав ээж нь чонон хөрвөстэй байлаа гэхэд хүүхдэд чонон хөрвөс л дамжина гэсэн үг биш. Харшимтгай байдал нь генээрээ дамжина гэсэн үг.
-Ямар учраас харшлын шоконд ордог вэ?
-Ямар ч үед харшил нь хүнд байх юм бол шоконд орж болно. Эм тарилга, хоол хүнс, химийн бодис, бүр үсний будгаас болоод ч харшлын шоконд орох тохиолдол бий. Харшлын тариаг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ. Харшлын тариа гэдэг нь гармонийг хэлж байгаа юм. Үүнийг харшилтай хүнд л хийдэг зүйл биш. Харшилтай хүн гармонийг ямар үед хэрэглэх вэ гэхээр шоконд орсон, зайлшгүй хийх шаардлагатай буюу амь насанд нь аюул учирсан тохиолдолд хийдэг. Түүнээс нүд нь загатнасан болгон л тариа хийлгэж болох уу гэж асуугаад байдаг. Арьсны харшил үүслээ гээд тариа тарьж явуулаад байх байж болохгүй. Харшлын гэх тариаг удаан хугацаагаар хэрэглэх нь гаж нөлөө ихтэй. Үүнд, эхэн үедээ нойргүйдэх, зан ааш тогтворгүй болох, хоолны дуршил нэмэгдэх, жин нэмэх, даралт ихсэх, цаашлаад цусан дахь сахар ихсэх, чихрийн шижинтэй болох, ходоодны шархлаа, яс сийрэгжих, үхжих, нүдний болор цайх, элэг өөхлөх зэрэг гаж нөлөөтэй. Мөн ховор тохиолдолд солиорч ч болдог.
-Харшил бүрэн эмчлэгддэг үү?
-Харшлыг бүрэн эмчлэх боломжгүй. Яагаад гэвэл ямар нэг харшил насан туршид үргэлжлэх байсан ч намжмал байдалд байж болно. Харшил төрүүлэгчээсээ зайлсхийгээд, тохирсон эмчилгээгээ хийлгэж биеэ эрүүлжүүлээд байвал зовуурь багатай, хүндрэхгүй байх боломжтой.