Нийгэм | 2 мин уншина

Допингийн эсрэг байгууллага: 48 сорьц явуулснаас 4 хариу ирээгүй

Допингийн эсрэг байгууллага: 48 сорьц явуулснаас 4 хариу ирээгүй
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 17
Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн Баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авч, эхний хариуг 48 цагийн дотор гарна гэдгийг мэдэгдэж байсан. Тэгвэл хариу ирсэн бөгөөд өнөөдөр хариуны талаар салбар хорооноос мэдээлэл хийж байгаа юм.
Манай улсаас 32 бөх, 16 харваач нийт 48 тамирчны сорьц явуулснаас 48 цагийн дотор 44 тамирчны шинжилгээний хариуг ирүүлжээ. Хариу ирээгүй үлдсэн дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэсэн үг биш бөгөөд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа гэдгийг албаныхан хэллээ. Мөн түүнчлэн сорьцыг нэрээр бус кодоор авсан учраас үлдсэн дөрвөн сорьцын хариу хэнийх вэ гэдэг нь тодорхойгүй гэдгийг хэллээ.
undefined
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар: Үндэсний их баяр наадамд дөрөв буюу түүнээс дээш давсан бөхчүүд болон сурын харвааны эхний эрэгтэй найм, эмэгтэй найм нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авсан. Сорьцыг Германы лаборатори өгч шинжлүүлсэн. Шинжилгээний хариу 15-ны 22:30 цагт манай талд ирсэн.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: Шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторид хүргэх ажлыг манай байгууллага хариуцсан. Энэ бүх ажил цагдаа, АТГ, тагнуулын байгууллагын хяналт дор явсан. Тамирчдын допингийн хяналтын хуудсыг битүүмжлээд бөхийн салбар хороонд хадгалуулсан. Энэ жил 48 цагийн дотор эхний хариуг гаргуулахаар ажилласан. Улаанбаатарын цагаар долдугаар сарын 14-ний 02:00 цагт Германд байгаа лабораторид хүргүүлсэн. 44 шинжилгээний хариуг долдугаар сарын 15-ны 22:30 цагт Баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагуудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн сорьцын хариу ирээгүй. Дөрвөн сорьцын шинжилгээний хариу хэзээ ирэхийг бид мэдэхгүй байна. Аль болохоор хурдан гаргах талаар ярьж байгаа. Энэ дөрвөн шинжилгээний хариу эерэг гарсан ч допинг илэрчихлээ гэсэн үг биш. Эргэлзээ байгаа учраас нэмэлт шинжилгээ хийж байгаа. хэрвээ үлдсэн дөрвөн сорьцоос эерэг хариу гараад допингийн зөрчил илэрвэл хариу ирснээс хойш тухайн тамирчинд мэдэгдэж, олон нийтэд зарладаг хуулийн зохицуулалттай.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн