Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадам тохиох гэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэлээ. ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ: Он гарснаар усны ослоор 40 хүний амь нас эрсэдсэн байна. Тэгвэл баяр наадмын өдөр, олон хоногоор амарна. Орон нутгаар аялж зугаалах хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор олон хүн усанд осолдох эрсдэлтэй байна. Тухайлбал, 2019 онд 14 хүн тав хоногийн наадмын амралтаар амь насаа алдаж байсан, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн 2023 онд найман хүн зөвхөн баяр наадмын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан.Тэгэхээр баяр наадмын өдрүүдэд зөв зохистой амрах, аялах хэрэгтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван хүн амь насаа алдсан байна. Өчигдөр буюу даваа гаригт гурван хүн усанд осолдож эрсэдсэн. Мөн дээр дурдсан 40 хүний ес нь бага насны хүүхэд байгаа юм.Иргэд ямар шалтгаанаар амь насаараа хохироод байна вэ гэхээр машин техник тээврийн хэрэгсэлтэй, мотоциклтой, морьтой гол мөрөн гатлах гэж байгаад амь насаа алдаж байна. Гарамгүй газраар гатлах гэж оролдож байна, үертэй үед малынхаа араас гол руу орох зэргээр нас барж байна. Мөн усанд сэлдэг, сэлж чаддаг гэдэг хүмүүс усанд сэлнэ гэдэг байдлаар усанд ороод эндчихэж байна.