Цагдаагийн ерөнхий газраас баяр наадмын өдөр авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийт 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд ойр орчимд нь А, Дк, Ж, Ү, Г гэсэн ангилал бүхий 6,550 автомашины зогсоол, 240 орчим худалдаа үйлчилгээний цэг байгуулагдана. Ихдээ 12-18 мянга орчим иргэдийн тойрог хөдөлгөөн хийгдэж, их ачааллын үедээ 20 мянга орчим хүн цугларч наадмыг үзэх юм. Иймээс баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас эргүүл хамгаалалт, зохицуулалтад ажиллах хүч хэрэгслийн тооцоог гаргасан байна. Тухайлбал, Төв цэнгэлдэх орчим буюу сур, шагайн харваан орчимд 669 алба хаагч, 59 автомашин, дөрвөн нохой, зургаан морьт эргүүл ажиллахаар байна. Харин хүй долоон худагт 1087 алба хаагч, 44 мотоцикл, 17 нохой, 24 морьтой алба хаагч ажиллана. Нийтдээ төв цэнгэлдэх болон хүй долоон худагт 3184 алба хаагч ажиллах бөгөөд үүнээс 160 нь олон нийтийн цагдаа, 182 нь сонсогч, 48 нь оюутан цагдаа байх аж.
-Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7850 ширхэг зогсоол, хүй долоон худагт долоон төрлийн 11400 зогсоол байна.
-Хөдөлгөөн зохицуулалтын хувьд Махатма Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөнийг хязгаарлана.