Open iToim app
Спорт | 5 мин уншина

Бөхийн таамаг: Даян аварга Н.Батсуурь дархлах уу, улсын аварга О.Хангай даян болох уу

Бөхийн таамаг: Даян аварга Н.Батсуурь дархлах уу, улсын аварга О.Хангай даян болох уу
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 9
Дэлхийд ганцхан дэнж хотойлгох монгол наадам эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. Ардын хувьсгалын 103 жилийн ойн барилдаанд 512 бөх зодоглох бөгөөд түрүү бөхийн тааврын тэргүүн эгнээнд яваа улсын аварга О.Хангай өчигдөр бүртгүүлжээ.
Түүнчлэн шинэхэн Хөдөлмөрийн баатар, дархан аварга Г.Өсөхбаяр зодоглохоор бүртгүүлсэн мэдээлэл наадмын барилдааныг улам чимэх шиг. Үндэсний бөхийн барилдаанд аль нутгийн, хэн гэдэг бөх төрийн есөн хөлт тугийг есөн удаа тойрч, түмэн олноо цэнгүүлэх вэ гэдэг нь олны анхаарлын төвд бий. Наадмаас наадмын хооронд бүтэн жил яригдах энэхүү сэдвийн гол эзэн нь даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэн байна. Жил бүр бөх сонирхогчид түрүү бөхийн таавраа уралдуулдаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Эр бяр, хүч чадлаа гайхуулан барилдах хүчит бөхчүүдийнхээ барилдааныг шимтэн харах үзэгчид таамаг тавин хүлээж байна. Бид энэ жилийн наадмын түрүү бөхийн тэргүүн эгнээнд яваа таван бөхийг онцоллоо.
Даян аварга Н.Батсуурь
Монгол бөхийн түүхэнд есөн дархан аварга цолтон төрөн гарсан байдаг. Анхны дархан аварга нь Б.Түвдэндорж бол отгон нь Г.Өсөхбаяр, А.Сүхбат юм. Г.Өсөхбаяр, А.Сүхбат нараас хойш дархан аварга цолтон төрөөгүй 10 жил болсон бөгөөд энэ цолонд хүрэх хамгийн ойрхон бөх нь даян аварга Н.Батсуурь байна. Тэр улсын баяр наадмаар нэг түрүүлэхэд бүх цаг үеийн 25 аваргын 10-д жагсах ба 10 дахь дархан аварга болох билээ.  Тэрбээр аварга цолтой болсноосоо хойш дархан аварга цолны төлөө хоёр удаа хамгийн ойрхон тулсан нь 2020 онд есийн даваанд П.Бүрэнтөгст унасан, 2022 онд есийн даваанд Б.Орхонбаярт унасан. Эдгээр бөхийг Н.Батсуурь давсан тохиолдолд дархан аварга болох байлаа. Харин өнгөрсөн жил гарди Ц.Бямба-Отгонд наймын даваанд унаснаар дархан аварга болох түүний зорилго дахин нэг жилээр хойшилсон байдаг. Даян аварга Н.Батсуурь багагүй жин нэмсэн нь зорилготой байж мэдэх. Үндэсний бөхийн спорт өндөр зэрэглэлд хүрч, бөхчүүдийн бэлтгэлжилт сайжирсан энэ цаг үед дөрвөн удаа түрүү, үзүүр булаалдана гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Харин даян аварга Н.Батсуурь гурав түрүүлж, нэг үзүүрлэж, найм шөвгөрсөн нь онцгой амжилт юм. Наадамд одтой, няхуур, чамбай, сэтгэл зүй өндөртэй барилдаж чаддаг түүнийг түрүү бөхийн тааврын тэргүүн эгнээнд эрэмбэлэх нь зүй ёсны хэрэг. Даян аварга Н.Батсуурь дархлах уу, үгүй юү гэдгийг долоодугаар сарын 12-ны үдэш наадамчин олон хүлээх үлдлээ.
Улсын аварга О.Хангай
Наадмаас наадмын хооронд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд онцгой амжилт үзүүлсэн хоёр хүчтэний нэг нь О.Хангай аварга, нөгөөх нь Б.Бат-Өлзий заан юм. Гэхдээ амжилтаараа аварга арай илүү. Харин наадам дөхөх тусам тэр биеэ хурааж, барилдаанаа нөөх болсон. Зөвхөн бэлтгэлдээ л анхаарлаа хандуулах болсон нь даян болох дайралтаа эхлүүлсний шинж. Монгол бөхийн өргөөнд ес түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт үлдсэн тэр өнгөрсөн жилийн наадмаар боломжоо алдсан. Түрүү бөх М.Бадарчид наймын даваанд өвдөг шороодсон. Гэвч түрүү бөхөөс допинг илэрснээр хоёр жил дараалан түрүүлэх хүсэлтэй байсан О.Хангай аварга хохирогч болоод үлдсэн нь үнэн. Магадгүй тухайн үед М.Бадарчтай таараагүй бол тэр даян болж, өнөө жил дархлахын төлөө зүтгэх байсан биз. Өнөө цагийн монгол бөхийн хамгийн тод өнгүүдийн нэг нь улсын аварга О.Хангай юм. Бөх сонирхогчдын 50-иас дээш хувь нь түүнийг түрүүлнэ хэмээн таавар дэвшүүлж байгаа аж. Даян болохын төлөө хэр чамбай бэлтгэл хийснийг харах, хүлээх үлдлээ. Дашрамд, тэр улсын наадмаас хүсэн хүлээсэн түрүүгээ авснаас хойш сэтгэл зүйгээ онцгой өөр түвшинд хүргэж чадсаныг онцлох хэрэгтэй болов уу.
Улсын заан Б.Бат-Өлзий
undefined
Өнөө цагийн үндэсний бөхийн чимэг болсон хүчтэнүүдийн нэг нь Б.Бат-Өлзий заан. Бөхчүүд бүтэн жилийн турш бэлтгэл хийн, үндэсний бөх мэргэжлийн спортын хэмжээнд хүрсэн. Тэр хэрээр улсын наадамд хэн нь ч түрүүлж, үзүүрлэж, том цол хүртэж мэднэ. Нэг ёсондоо зуны хэдэн сар бэлтгэл хийгээд л наадамд зодоглодог байсан үеэс тэс өөр нийгэмд шилжсэн. Энэ цаг үед 512, 1024 бөхийн манлай болно гэдэг амар биш. Улсын том цолтой бөх нэгийн даваанд унаж мэднэ, сумын цолтой хүчтэн ч шуугиулсаар түрүүлэхийг байг гэх газаргүй. Ийм цаг үед улсын наадмын түрүү, үзүүрийг булаалдах хүчтэнээр Б.Бат-Өлзий зааныг нэрлэх нь зүйн хэрэг. Яарч барилддаггүй онцлогтой тэрбээр арслан цолны энтэй заан гэдгээ Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд харуулсан. Өнөө жил ч тэр онцгой амжилттай яваа нэгэн. 2023-2024 оны бөхийн өргөөний барилдаанд тэр найм түрүүлж, гурав үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарсан. Эл амжилтаараа хоёрдугаарт жагссан.  Тэр өдрийн тэнгэр, авхаалж самбаа нь л бүхнийг шийдэх нь дээ.
Улсын арслан Ц.Бямба-Отгон
undefined
Ес давж аваагүй цолондоо эзэн болохын төлөө, үүнийг хүртэх эрхтэй байсан гэдгээ тэр энэ наадамд харуулна. Хэдийгээр М.Бадарчаас допинг илэрч, Ерөнхийлөгчийн зарлигаар арслан цолыг нөхөж авсан ч Ц.Бямба-Отгон яах аргагүй өнгөрсөн жилийн наадмын тод өнгө байж чадсан. Ёстой уран, хурц барилдаан үзүүлж, үзэгчдийг шуугиулсаар баруун талын 16 засуулыг ханаруулан есийн даваанд гарч ирсэн юм. Түүний хувьд бөхийн өргөөнд хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа их шөвөгт үлдсэн. Гэхдээ нэлээд хэдэн барилдаанд нэг, хоёрын даваанд өвдөг шороодож, бөх сонирхогчдоос багагүй шүүмжлэл хүртээд амжсан. Ц.Бямба-Отгоны шинэ цолоо анх удаа дуудуулах барилдаан нь улсын наадам болж таарч байна. Наадмын бэлтгэлийг нь сонжсон хүмүүс түүнийг ихэд өнгөтэй байгаа гэлцэнэ. Магадгүй улсын наадамд нэг удаа түрүүлсэн гэдэг нэр томъёо Ц.Бямба-Отгоныг илүү хурцалж байж мэдэх юм. Бөхийн өргөөнд онцгойроогүй ч өнгөрсөн жилийнх биш наадмын од нь гийж, төрийн есөн хөлт цагаан тугийг жинхэнэ ёсоор нь есөн удаа тойрохыг үгүйсгэх аргагүй ээ.
Улсын харцага Б.Зоригтбаатар
undefined
“Цахилгаан” Зоригоо наадмаар цахилж мэднэ гэж бөх сонирхогчид таамаглаж буй. Түрүү бөхийн тааварт нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэж яваа. Б.Зоригтбаатар харцага цолоо ахиулах нь баараггүй. Харин тэр чигээрээ гүйсээр төрийн наадамд анх удаа түрүүлэх үү, үгүй юү гэдэг сонирхол татаж байна. Бөхийн өргөөнд хоёр түрүүлж, дөрөв үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан амжилтаараа тэр 2023-2024 оны улирлын барилдаанд гуравдугаарт жагсаж буй. “Алтан цом”-ын барилдаанд ч багийн гол лидер байж, Ховдын “Их гурвал”-ыг өвдөг шороодуулж байсан нэгэн. Бөхийн өргөөнд барилддаг шиг ээ барилдаж, од нь гүйвэл мань эр есөн хөлт цагаан тугийг есөн удаа тойрч мэдэх юм. Түүнтэй зэрэгцүүлэн түрүү бөхийн тааварт багтааж болох улсын арслан Б.Орхонбаяр, харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан, С.Сүхбат,  гэх мэтийн олон бөх бий. Гэхдээ наадам бол заалны барилдаанаас өөр. Биеийн бэлтгэл, сэтгэл зүй, аз од гээд бүх зүйл нь цогцолсон бөх наадамд түрүүлнэ. Б.Зоригтбаатар улсын арслан Б.Орхонбаяраас илүү зоригтой, дайчин, сэтгэлзүй өндөртэй байж болох юм. Хэт цахилж яваад халтираад уначихгүй л бол Б.Зоригтбаатар харцагыг бид дээгүүр даваанд харах нь дамжиггүй. Түрүүлэх бөхчүүдийн эгнээнд улсын аварга П.Бүрэнтөгс ч байхыг үгүйсгэхгүй. Наадам болохоор улам нягтарч барилддаг түүнийг түрүү, үзүүрт шалгараад ирэхэд гайхах зүйлгүй. Гэхдээ бусдыгаа бодвол магадлал арай бага байх болов уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн