МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцээ батлах юм байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Засгийн газраа 3 Шадар сайд, 16 яам, 23 сайдтай байхаар Засгийн газрын бүтцээ зуржээ. Мөн хамтарсан Засгийн газар Дэд сайдгүй ажиллахаар бүтцээ гаргасан байна. Энэ бол ярианы түвшинд явж байгаа хувилбар бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгээр хэлэлцэн, эцсийн хувилбарыг гаргах юм. Ерөнхий сайд яамдын чиг үүргийг давхардуулахгүй байх, томоохон ажил, төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд уялдаа холбоо, нэгдсэн бодлоготой ажиллуулахын тулд яамдыг илүү төрөлжүүлэх бодлого барьж байгаа юм байна.
Түүнчлэн АН, ХҮН намуудад мөрийн хөтөлбөрийн гол бодлогуудаа хэрэгжүүлж үр дүнд хүргэх боломж бий болгох үүднээс яамдыг хуваарилжээ. Тодруулбал, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүйн яам, Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам гэх мэт 7-8 яамыг Ардчилсан намд өгчээ.
Харин МАН томоохон бодлого арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тодруулбал, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, баялгийн тэгш хуваарилалт, түгжрэлийг арилгаж төвлөрлийг сааруулах, газар хотын асуудал гэх мэт ажлуудаа үргэлжлүүлэн хийх юм байна.