Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар метроны төсөл эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулсан. Тэрээр ирэх өвөл Улаанбаатар хотод эрчим хүчний дутагдал үүсэхгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр "Метро барихтай зэрэгцэн эрчим хүчний асуудлаа шийдсэн юм уу гэдэг шүүмжлэл болоод ажил хэрэгч асуудал хөндөгдөж байгаа. Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30 МВт байх тооцоо гарсан. Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр 200 МВт эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх боломжтой болсныг дуулгая. Саяхан Улаанбаатар хот анх удаагаа дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгосон. Нийт нэг их наяд төгрөгийн бонд босгохоор төлөвлөсөн байгаа. Энэ татан төвлөрүүлсэн эх үүсвэрийнхээ 600 тэрбум төгрөгийг зөвхөн эрчим хүчнийхээ хэрэглээг хангахад хөрөнгө оруулж байгаа юм. Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын 150 МВт-ын эхний шугам төвийн эрчим хүчинд холбогдохоор гэрээлсэн.
Мөн Төрийн худалдан авалтад үндэслэн 50 МВт-ын батарей станц барьж байгуулах тендерийг зарлаж, наадмын дараа сонгон шалгаруулалтаа зарлана. Гэрээ амжилттай хийгдвэл ирэх арваннэгдүгээр сардаа багтаан төвийн эрчим хүчний системийг 50 МВт-аар тэлж, оргил ачааллыг хуваалцана.
Хаврын чуулганаар нийслэлд цахилгаан, дулааны станцуудын өмчлөх эрхийг шилжүүлэхээр болсон. Үүний дагуу энэ жилдээ багтаан ТЭЦ-II-ыг нийслэлд шилжиж ирэхээр байна. Үүний дараа хоёрдугаар дулааны цахилгаан станцыг 2025-2026 онд 350 МВт-аар өргөтгөх төлөвлөгөө гаргаж, суурь судалгаануудыг эхлүүлсэн.
Улаанбаатар хот өнгөрсөн өвөл оргил ачааллын үед 350 МВт-ын дутагдал гарсан учраас энэ жил энэ дутагдлыг нөхөж, цаашлаад Улаанбаатар хотын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хангах дараагийн томоохон эх үүсвэрүүдийг байгуулах ажил хийгдэж байна. 2025 оны аравдугаар сарын 1 гэхэд Бөөрөлжүүтийн дараагийн блокийг ашиглалтад оруулж, төвийн эрчим хүчний системд холбохоор гүйцэтгэгчтэй хатуу гэрээлсэн" гэлээ.