Open iToim app
Спорт | 6 мин уншина

Улсын цолонд ойрхон бөхчүүд: Төрийн есөн хөлт цагаан тугийг тав тойрох таван бөх

Улсын цолонд ойрхон бөхчүүд: Төрийн есөн хөлт цагаан тугийг тав тойрох таван бөх
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 7
Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойн баяр наадам эхлэхэд тав хоногийн хугацаа үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачдын бэлтгэл жигдэрчээ. Энэ жил бөхчүүдийн наадмын бэлтгэл алаг цоог гэлтэй. Зарим нь аль эрт наадмын бэлтгэлээ базааж эхэлсэн бол нэг хэсэг нь сонгуульдаж явсаар харьцангуй орой бэлтгэлд гарав бололтой. Харин бөх сонирхогчдын дунд жилээс жилд улсын цолонд хүрэх бөхчүүдийн таавар дэвшүүлж, тухайн бөхөө дэмжин дээлийнх нь захыг мушгидаг уламжлалтай.  
Олон жил улсын наадмын торгон ногоон дэвжээнд хүч үзэж яваа Дархан-Уул аймгийн харьяат С.Ерөөлт, Булганы А.Отгонбаатар, Увсын О.Гантулга тэргүүтнийг жилээс жилд төрийн есөн хөлт цагаан тугаа тав болон түүнээс дээш удаа тойроосой гэж бөх сонирхогчид хүсдэг нь дамжиггүй. Тэдний тааварт багтаахаас илүүтэй начин болоосой гэж хүсэх, залбирах хүн олон болсон. Тэгвэл Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойгоор аль нутгийн хэн гэдэг бөх төрийн есөн хөлт тугийг тав тойрч, улсын цолонд хүрч аав, ээжээ, нутаг усныхаа нэрийг Төв цэнгэлдэхийн узелиэр тодоос тод зарлуулах бол. Улсын цолонд ойрхон бөхчүүдийг нэрлээд байвал дуусахгүй. Гэхдээ энэ бүхэн хэмжээ хязгаартай. Хүссэн нь тав давж, есөн хөлт тугийг тав тойрдоггүй нь жам. Нэг унаад уйлахад, нөгөөх нь баярлаж уйлна. Тиймээс бид энэ жилийн тааврын тэргүүн эгнээнд яваа таван бөхийн онцолж байна.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
undefined
Одоогоос 10 жилийн өмнө Даян аварга Н.Батсуурь улсын наадамд анх удаа түрүүлж байхад Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаяр гэх хүү төрийн наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэн “Улсын шандас” цол хүртэж байлаа. Тухайн үед тэрбээр сумын заан цолтой байсан гэдэг. Ингэж эргэлт, буцалтгүй бөхийн замд орсноор түүний хувьд аймгийнхаа баяр наадамд хоёронтаа түрүүлж, өнөөдөр улсын цол хүртэх бөхийн тааварт зүй ёсоор багтаж явна. Түүнийг улсын наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэхэд л мэргэжилтнүүд Сүхбаатар аймгаас нэгэн онцгой бөх төрөх нь хэмээн ярилцаж байсан удаатай. 2018 онд аймгийнхаа наадамд анх удаа түрүүлсэн тэрбээр Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн барилдаанд түрүү, үзүүрт шалгарч Даян аварга Н.Батсуурьт тахим буулгасан билээ. Үүнээс өмнө аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулахад төвөггүй түрүүлсэн нэгэн. Даншигийн наадамд тав давж явсан тэрбээр өнөө жил онцгой сайн байгааг бөх сонирхогчид харсан. 2023-2024 онд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд тэрбээр хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, таван удаа их шөвөгт шалгарсан онцгой амжилттай яваа. Ирээдүйтэй байсан бөх “Нэгдэл” клубт нэгдсэнээр барилдаанаа чанараа, чадвараа улам ахиулсан. Түүнийг энэ жил начнаар тогтохгүй дээгүүр даваанд барилдах бөх гэж тааварлаж буй. Бөх хүн бүдүүн өвсөнд л гэгч битгий болоосой. Н.Өсөхбаярын өвөө нь аймгийн хурц арслан Т.Гомбо хэмээх бөх байдаг гэнэ. Дарьгангын талаас заан начин, харцагыг алгасаад заан төрөхийг хэн байг гэх вэ.
Аймгийн хурц арслан М.Еркебулан
undefined
Онцлохгүй байхын аргагүй нэг бөх нь аймгийн хурц арслан М.Еркебулан юм. Тэр өнгөрсөн жилийн наадмаас наадмын хооронд тун онцгой байсан. Ойгүй бяртай, хүний хийсэн мэхэнд сайн үлдэж, улсын цолтнуудад тун халгаатай байсан нэгэн. “Алтан цом”-ын барилдаанд “Өлгийн хүчтэн”-үүдийг чирж, багаа хасагдах шатанд үлдээгээд зогсохгүй их болон дунд шөвөгт шалгарсан. Ялангуяа аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд онцгойрч чадсан юм. Бөх тайлбарлагч Ц.Батнасан түүний талаар ярихдаа “Улсын цолонд хүрэх шинж нь одоо л бүрдэж дээ. Энэ жилийн наадамд начнаар тогтохгүй болов уу гэмээр харагдаж байна” хэмээн нэгэн барилдааны тайлбарын үеэр онцолсон байдаг. Оргүй биш ортой л яриа. 512 бөхөөс тав давж, улсын цолонд хүрнэ гэдэг амаргүй. Нэгийн даваанаас эхлээд л чанга учраануудтай таарна. Биеийн болон сэтгэл зүйн бэлтгэл хэр ханасныг л долоодугаар сарын 12-ны үдээс хойш харах нь дээ. Ерке арслан улсын наадамд гурван удаа хоёр давж, нэг удаа гурав давсан. Ер нь жоохон наадмын азгүй бөх. Энэ нь түүний сэтгэл зүйтэй холбоотой болов уу хэмээн мэргэжилтнүүд таамагладаг. Харин энэ удаа тэр бүх талаараа тэгширсэн байж мэднэ. Юу болохыг харах л үлдлээ. Уг нь бол цолондоо багтаж ядсан бяртай нэгэн. 2008 онд 19 насандаа сумын заан болж байсан тэрбээр 35 насандаа улсын цолны босго давах уу, үгүй юү гэдэг харъя даа.
Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар
undefined
2000-аад оны эхэн үед Говьсүмбэрээс Дагвадоржийн Азжаргал гэж залуу тодорч, хожмоо төрийн наадамд үзүүрлэсэн байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл Говьсүмбэрээс улсын цолтой бөх төрөөгүй л байна. Тэгвэл таван жилийн өмнөөс Чойрынхон нэгэн залууд итгэл хүлээлгэх болсон нь Энхтөрийн Мөнхбаатар арслан юм. Долоон жилийн өмнө аймгийнхаа баяр наадамд найм давж, түрүүлсэн бол 2019 онд хоёр дахиа түрүүлэн хурц чимэг хүртсэн түүнийг нутгийнхан нь улсын цол авна хэмээн хүлээж сууна. Жин ихтэй, хий, зайгүй нягт барилдааны онцлогтой энэ залуу Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Б.Амарзаяа гээд том бөхчүүдийг өвдөглүүлж байсан. Таван жилийн өмнө зохион байгуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарснаар мэргэжилтнүүд болон сонирхогчдын анхаарлын төвд зүй ёсоор орсон бөгөөд тэр цагаас хойш жил бүрийн наадмаар түүнийг улсын цол хүртэх болов уу хэмээн найддаг болжээ. Төрийн наадамд хэнийг ч царайчлахгүй тав давах бяр чадал түүнд бий. Э.Мөнхбаатар арслан өнөө жил 29 настай.  Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд тун боломжийн амжилт үзүүлсэн  юм. Хүнд бэртлийн улмаас 2022 оны наадмыг өнжиж байсан тэрбээр Бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд гурван ч удаа их шөвөгт шалгарчээ. Тухайн өдрийн аз тод ивээж, эгзэг нь таарвал “Чойрын богд” дэвжээнийхэн өнөө жил хүсэн хүлээсэн улсын цолтноо тосож авах магадлал өндөр.
Аймгийн хурц арслан О.Наранбаатар
undefined
“Одоо л цаг нь ирж дээ” хэмээн бодогдох бөхчүүдийн нэг нь Өвөрхангайн Хархорин сумын харьяат О.Наранбаатар хурц юм. Наадмаас наадмын хооронд зохион байгуулдаг улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа их шөвөгт шалгарсан. Түүнчлэн сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэж байв. Том, жижиг ямар ч барилдаанд гаргаж чаддаг тэвчээр нь түүнийг улсын цолонд хүргэж мэдэх юм. Нэг ёсондоо эцсээ хүртэл бууж өгдөггүй гэсэн үг. Аймгийн хурц арслан О.Наранбаатарын тухайд энэ жил улсын начин цолны босго давах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг. Түүний хувьд 2022 оны наадмаар дөрөв давж байлаа. Начны даваанд нэг удаа гараад ирсэн бөх хоёр дахиа гэтэлгэнэ л гэж үзнэ. Өөрийнхөө арал чац, бяраа ашиглавал хэнийг ч хаяж чадна. Харин жижигхэн зүйл өвдөг шорооддог сул талтай. Цочроо ихтэй гэх үү дээ. Энэ алдаагаа зассан бол тэр гарцаагүй тав давна.
Аймгийн арслан Э.Мөнхжаргал
undefined
Самбо, жүдо суурьтай Э.Мөнхжаргал 2015 онд Архангай аймгийн Хотонт сумынхаа баяр наадамд үзүүрлэн, сумын начин цол хүртэж, бөхийн замналаа эхлүүлжээ. Улмаар 2017 онд сумандаа түрүүлж, сумын заан цол хүртэв. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлага дор “Сүлд” спорт хороонд бэлтгэл сургуулилалтаа хийдэг тэрбээр 23 насандаа Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэн, аймгийн заан цол хүртэж байлаа. Хэдийгээр 2021 онд улсын баяр наадмыг цуцалсан ч залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд тав давж, хамгийн залуу начинд өгдөг хурдан удмын даагаар шагнуулсан түүхтэй. Тэрбээр өнгөрсөн жил Сар шинийн барилдааны таавар будилуулж түрүү бөхөөр тодорсон бөгөөд тухайн жилдээ буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоор нэгийн даваанд тахим буулгасан нь санаанд оромгүй үйл явдал болсон. Бөх сонирхогчид түүнийг улсын цолны босго давна хэмээн хүлээж байлаа. Тэгвэл сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөх тухайн жилийнхээ наадмаар цолонд хүрч чаддаггүйн жишээг Э.Мөнхжаргал арслан давтах нь тэр. Харин өнгөрсөн жилийн наадмаас хойш өнөөдрийг хүртэл бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд тун дажгүй байсан. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр ч удаа их шөвөгт шалгараад зогсохгүй Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хөлс багатай түрүүлсэн байдаг. Тэр энэ удаа Төрийн есөн хөлт тугийг тавантаа тойрох бөхчүүдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн