Рио Тинто Монгол компани нийслэлийн төв цэг буюу Улаанбаатар хотын А бүсэд улсдаа хамгийн том ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулж ЧАДЛАА.
Одоогоос хоёр жилийн өмнө тус компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулахаар ажлаа эхэлж байв. Тэгвэл өчигдөр/2024.07.03/ эл цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болголоо. Ингэснээр иргэд олон нийтийн амарч, ая тухтай байх газар нэгээр нэмэгдэж байна.
Таны бүтээлцсэн цэцэрлэгт хүрээлэн ямар байх вэ?
“Паркаа хамтдаа бүтээе” төсөл нь нэг хүний эсхүл нэг ААН-ийн бүтээн байгуулалт биш. Уг төслийн онцлох зүйл бол иргэд олон нийтийн санал, хүсэлт үнэтэй хувь нэмэр оруулж, олны хүчээр хамтдаа бүтээн байгуулалцсан явдал юм. Жишээлбэл, цэцэрлэгт хүрээлэнг хүртээмжтэй, ая тухтай байлгах үүднээс хэрхэн тохижуулах саналыг иргэдээс авахад нийтдээ 10 мянга гаруй санал ирж, түүнээс нь төслийн багийнхан тусган өнөөгийн эл цэцэрлэгт хүрээлэнг “урлажээ”.
Э.Хонгорзул
Рио Тинто Монгол компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул:
Рио Тинто Монгол компани нийт 10.2 га газрыг ногоон цэцэрлэгт хүрээлэн болгож тохижууллаа. Энэ тохижилт өмнөд, хойд гээд үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Өмнөд хэсэгт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн буюу зүлэг ногоо, мод, бутаар хүрээлэгдсэн тайван бүсийг бүтээсэн. Харин хойд бүсээ идэвхтэй бүс буюу задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай гээд хүмүүсийн идэвхтэй үйл хөдлөлийг дэмжсэн бүтээн байгуулалтыг хийлээ. Бүтээн байгуулалтаа бид 2022 оноос эхлүүлсэн. Энэ талбай өмнө нь Үндэсний соёл амралтын хүрээлэн гээд хувийн компанийн эзэмшилд байсан. НЗДТГ энэ газрыг нийтийн эзэмшлийн талбай болгосноор манай компани ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон тохижууллаа. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг Рио Тинто Монгол компани бие дааж, бүтэн гаргасан. Мэдээж бидэнд туслалцаа дэмжлэгийг НЗДТГ үргэлж үзүүлж ирсэн. Мөн бид бүтээн байгуулалтаа маш их сэтгэл зүрхээ зориулан байж хийсэн. Яагаад гэвэл энэ бүтээн байгуулалтаар нийслэлчүүдэд ногоон цэцэрлэгт хүрээлэн хэрхэн яаж хийдэг юм, ямар чанартай байж болдог юм гэдгийг харуулахыг зорьсон.
Хэдийгээр цэцэрлэгт хүрээлэн өмнөд, хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа ч цэцэрлэгт хүрээлэнгийн дотор 10 үндсэн байгууламж бий.
1.Саварт найзуудын талбай
Орчин цагт иргэд, тэр дундаа залуус гэрийн тэжээвэр амьтантай байх сонирхол өндөртэй болсон. Тиймдээ ч гадуур гарахдаа, магадгүй аялж зугаалахдаа тэжээвэр амьтантайгаа явах нь элбэг. Гэвч зарим иргэн тэжээвэр амьтныхаа бохирыг ууталж авч явдаггүйн улмаас зам талбай, ойр тойрно бохирдох нь бий. Тэгвэл энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь уг хэрэгцээг харгалзан үзэж бусдын аюулгүй байдал болоод ариун цэвэр талаас нь шийдэн гэрийн тэжээвэртэй амьтантайгаа байх тусгай хэсгийг бий болгожээ. Мөн тус хэсэгт амьтны цангааг тайлах ус оргилдог тусгай төхөөрөмжийг байршуулсан байна.
Хүн хаана цуглана, тэнд олон нийтийн арга хэмжээ, уулзалт, урлаг соёл, уралдаан тэмцээн зэрэг бүхий л үйл ажиллагаа өрнөдөг. Тиймээс төслийн багийнхан зүлэг, ногоогоор бүрхсэн дугуй, задгай театрыг байгуулжээ. Энэхүү задгай театр нь нийтдээ 800 орчим хүний багтаамжтай агаад акустик дуугаралттай гэдгээрээ онцлог. Хэрэв залуус хүсвэл өөрсдийн сонирхсон үйл ажиллагааг явуулж, “Open mic”, урлагийн тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой юм.
Уранхай гутал, урт үс, өргөн жийнс
Уранхай гутал, урт үс, өргөн жийнс. Энэ бол тэдний симбол. Хотын хаа нэгтээ цуглаж, боардаа сугавчлах тэд өдгөө “хаана цуглах уу” гэж гашлах шаардлагагүй болжээ. Учир нь, шинээр байгуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцүүлж, аюулгүй байдлыг хангасан скейтбоардын талбайг байгуулсан байна. Дээр дурдсанчлан, цэцэрлэгт хүрээлэнд юу байгуулбал зохих вэ гэдэгт скейтбоардын талбайн санал хамгийн ихээр иржээ. Гэвч уг талбайг байгуулахад багагүй хүндрэлтэй тулгарсан гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж хэлсэн. Жишээлбэл, скейтбоардын талбай нь налуу ихтэй тул энгийн бетоноор хийхэд асуудал гарсан аж. Мөн үүнд манай улсын цаг агаар ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх. Иймээс тэд өөр арга, технологиудыг судалж, оролдсоны эцэст байгуулсан бөгөөд байгуулахдаа “Уухай” клубийнхэнтэй ярилцаж талбайн өндөрлөг, налуу зэрэг тухайн спортын нарийн стандарт шаардлагыг хангажээ.
Түүнчлэн, төслийн багийнхан удахгүй Монголын цахилгаан холбоотой тохиролцож талбайн хажууд утасны бүхээг байрлуулахаар төлөвлөж буй. Ингэснээр хүүхдүүд утасгүй, ямар нэг байдлаар холбогдох боломжгүй үедээ гэр бүлийнхэн рүүгээ, ямар нэг тусламж дуудах шаардлагатай болбол түүнийг ашиглах боломжтой юм.
Хүрээлэн дунд байрласан Мазаалай хүүхдийн тоглоомын талбай нь дундаа мазаалай хэлбэрийн гулсууртай тул ийн нэрлэжээ. Уг хүүхдийн тоглоомын талбайн суурь философи нь ямар нэгэн төмөр болон хүүхэд гэмтэх аюултай хятад хэврэг тоглоомгүй. Тоглоомуудын гадна хүрээ, суурийг дандаа дахин ашигласан бүтээгдэхүүнээр хийсэн байна. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн буюу хүүхдүүд ирээд цөөн төрлийн хөдөлгөөн хийдэг биш аль болох олон төрлийн хөдөлгөөн хийхээр тоглоомыг байршуулсан. Ингэхдээ ихэнх тоглоомыг нь Англиас авчирсан байна.
Мөн парк гэхээр зөвхөн хүүхдэд зориулсан гэдэг нийтлэг ойлголт бий. Угтаа паркт өндөр настан, залуус, насанд хүрэгчдэд ч ирэх хэрэгцээ бий. Тиймээс тоглоомын талбайн хажууд насанд хүрэгчид, өндөр настнууд ашиглаж болохуйц анхан шатны фитнесийн төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн томоохон өнгө нь нийт талбайн голд байрлах цөөрөм. Уг цөөрөм тийм ч гүн биш. Энэ нь бага насны хүүхэд цөөрөм рүү санаатай болон санаандгүй байдлаар ороход эрсдэл багатай гэсэн үг юм. Хэдийгээр эрсдэл бага ч тодорхой хэмжээнд усан бүтэцтэй, тогтонги тул анхаарууштай. Ийн цөөрөм байгуулагдсанаас хойш усны шувууд ч цэцэрлэгт хүрээлэнд ирэх болсон байна.
Мөн цөөрөм нь чулуун болон модон гүүрээр холбогдсон, цэвэршүүлэх системтэй. Цөөрөм их устай байсан ч, бага устай байсан ч тогтонги удаан байвал бохирдоно. Тиймээс мэргэжилтнүүд цөөрмийн усыг бохирдуулахгүйн тулд цөөрмийн доогуур цэвэршүүлэх систем байршуулсан байна. Нүдэнд харагдахгүй ч байнгын хөдөлгөөнтэй гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна цөөрмийн болоод цэцэрлэгт хүрээлэнгийн өөр нэгэн чамин бүтээн байгуулалт нь улаан асар. Цөөрмийн дээр байрлах уг асрыг зургаан сарын хугацаанд дотоодын уран бүтээлчид урлаж байгаа бөгөөд үндэсний баяр наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Маш нарийн гар хийцтэй, чимхлүүр ихтэй тул төслийн багаас дээр нь янз бүрийн нэр, тэмдэглэл хийхгүй байхыг хүсэж буй.
Мэдээж асрыг камераар хянаж байгаа. Гэхдээ байнгын буюу 24 цаг харуул зогсох боломжгүй тул эл хүсэлтийг гаргаж байна. Хэрэв энэхүү асар бэлэн болчихвол нэлээд олон үйл ажиллагааг зохион байгуулж, иргэд, жуулчид зураг авхуулах хэмжээний урлагийн бүтээл болно гэж найдаж байгаа гэв.
Их хотын чимээ шуугиан, бетонон ширэнгэн дунд өдөр хоногийг өнгөрөөж буй нийслэлчүүдийн хувьд ногоон байгууламж өгүүлэгдсээр ирсэн. Тэр дундаа тухлан суух. Үүний хамгийн том жишээ нь өнгөрсөн жилүүдэд төв талбайд байршуулсан хиймэл зүлэг байв. Тэгвэл нийслэлчүүдийн хүсэл биеллээ. Шинэхэн ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн тэн хагас буюу өмнөд хэсэг тэр чигтээ иргэдийн тухлан суух ногоон байгууламж юм. Ингэхдээ зүгээр нэг зүлэгжүүлэлт бус солонгон хөшиг гэх шинэлэг шийдлийг багтаасан. Солонгон хөшиг нь усжуулалтын системтэй төстэй бөгөөд зуны халуун өдрүүдэд сэрүүцүүлж, тодорхой цагуудад солонго татах боломж үүсгэж байгаа гэдгээр онцлог гэдгийг төслийн багаас тодотгож байна.
Ийнхүү нийслэлийн төвд байгуулсан ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн давуу тал шинэлэг байдлыг дурдаад баршгүй. Наад зах нь 1500 орчим мод, буттай байсан 10.2 газрын ногоон байгууламжийг нэмж 40 мянгад хүргэсэн, олон улсын паркийн стандартын дагуу 200 метр тутамд чиглүүлэх самбарыг байршуулсан, үерийн ус хуримтлуулах хуримтлууртай, хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээг хангасан шинэлэг дизайн, архитекторын шийдэл бүхий нийтийн бие засах газартай гээд дуусамгүй давуу талыг бий болгосон байна. Хүндээ ээлтэй, нийгэмдээ тустай, Монголдоо жишиг болохуйц ногоон цэцэрлэгт хүрээлэнг Рио Тинто Монгол компани ийнхүү байгуулж ЧАДЛАА.