Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцохоор Казахстан улсын Астана хотыг зорьсон билээ. ШХАБ-ын дээд түвшний уулзалт өнөөдөр эхэлж байгаа бөгөөд ШХАБ-ын гишүүн есөн орны удирдагчид (БНХАУ, ОХУ, БНЭУ, Иран, Казахстан, Пакистан, Тажикстан, Узбекстан, Киргизстан) улс төр, эдийн засаг, худалдаа наймаа, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Мөн Беларусь улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх эсэх нь асуудлыг хэлэлцэх нь дээд хэмжээний уулзалтын гол асуудал юм. ШХАБ-ын Аюулгүй байдлын дэд генерал Сохаил Ханы мэдээлснээр дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьж, 24 баримт бичигт гарын үсэг зурна гэж мэдээлсэн байна.
Тэгвэл ШАХБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Астана хотод ирсэн бөгөөд тэрээр албан ёсны уулзалт эхлэхээс өмнө хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй уулзахаар товлосны нэгд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтсан талаар Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон бөгөөд энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Серей Лавров Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлээд, бусад гишүүн улс ч ижил байр суурьтай байгааг илэрхийлж байсан. Энэ өнцгөөс харвал төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтаас ч ийм шахалт ирэхийг үгүйсгэхгүй.
Монгол Улсын хувьд 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай элсэж, өдгөө 20 жил энэхүү байр сууриа хадгалж ирсэн. Гэсэн хэдий ажиглагчийн статустай орнуудын ихэнх нь гишүүн болж, энэ талын шаталтыг манай урд, хойд хөршөөс ил далдаар ирдэг нь нууц биш.
2023, 2024 онд ажиглагчийн статустай байсан Иран, Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэж, одоогоор Монгол, Афганистан гэсэн хоёр улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж буй юм.