ХҮН намаас сонгуулийн үе дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хурал хийлээ.
ХҮН намын дарга Т.Доржханд "УИХ-ын сонгууль өндөрлөлөө. Манай нам энэ сонгуульд дөрвөн жил бэлдэж ажилласан. Сонгуулийн үр дүнгээр тойргийн хэмжээнд 635 000 сонгогч, жагсаалтаар 151 000 сонгогч, гадаадад оршин суугаа монголчууд хамгийн их саналыг манай намд өгсөн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол Монгол Улсад нэг намын систем тогтоно. Парламентад нийгмийн төлөөллүүдийг оруулж, улс төрийн хүчнүүдийг бий болгох нь ардчиллыг хамгаалах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бид хичээж, манлайлж, шахаж ажилласан. Үр дүнд нь парламентад таван улс төрийн хүчин орж ирлээ. Цаашид олон болох хүлээлттэй байна.
Энэ удаагийн парламентад орж буй улс төрийн хүчнүүд бодлого, мэтгэлцээнээр иргэдийн төлөөлөл болж ажиллаасай гэж хүсэж байна.
Одоогийн байдлаар УИХ-д суудалтай байгаа МАН, АН, ХҮН нам тойргоос гишүүдтэй болж чадлаа. ИЗНН, "Үндэсний Эвсэл"-ийн хувьд тойргоос биш жагсаалтаар УИХ-д дөрөв, дөрвөн суудалтай болж байна. Энэ нь тойргийн тогтолцоогоор мөнгөний сонгууль болдог, сүлжээ үүсгэдэг, хатуу гишүүнчлэлийг бий болгодог нь ХХ зууны социалист загвар дээр тулгуурласан хэв маягийг үргэлжлүүлэх гээд байгаа юм. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж, пропорциональ менементийг илүү оруулан залуучууд, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг парламентад оруулах шаардлагатай байгааг бүгдээрээ харлаа.