Сонгууль-2024 | 2 мин уншина

П.Дэлгэрнаран: Сонгуулийн үр дүнг маргааш Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина

П.Дэлгэрнаран: Сонгуулийн үр дүнг маргааш Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 29
СЕХ-оос сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Сонгуулийн дүн өнгөрсөн шөнийн 04:50 цагт эцэслэгдлээ. 2198 хэсгийн хороо бүгд дүнгээ дамжуулж дууслаа. Ирц 69.4 хувьтай дуусан. Мөн гадаадад байгаа иргэдийн саналын тоолж дуусаж, системт нэгтгэгдсэн. 1450000 мянган сонгогч саналаа өгсөн. Сонгуулийн ирц өндөр байлаа. Мөн залуучууд идэвхтэй оролцлоо гэж дүгнэж байна. Улаанбаатар хот 70, хөдөө орон нутгийн тойргууд бүгд 60-аас дээш хувийн ирцтэй оролцлоо.
Сонгуулийн тухай хуулиар нам санал өгсөн иргэдийн дөрвөн хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. Хоёр намын эвсэл дөрвөн хувийн босго давах ёстой.
  • МАН- 35
  • АН-30.1
  • ХҮН нам 10.1
  • “Үндэсний эвсэл”- 5.2
  • Иргэний зориг ногоон нам-5 хувийн дэмжлэг авсан байна.
Улс төрийн намын тухай хуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан бол намын санхүүжилт авах эрхтэй болсон. Энэ удаагийн сонгуулиар нэгээс дээш хувийн саналыг есөн нам авлаа. Дээрх таван дээр нэмэгдээд
  • Шинэ нэгдсэн эвсэл- 4.8
  • Үнэн ба зав 2.8
  • Иргэний хөдөлгөөний нам- 1.4
  • Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэг авлаа.
Цахимаар санал тоолж дууссаны дараа хяналтын гар тооллого эхэлсэн. Гар тооллогын ажил хараахан дуусаагүй байна. Хийж дууссан газрууд дүнгээ ирүүлж байна. Ингэхэд одоогийн байдлаар нэг ч зөрүү гараагүй байна.
Маргааш СЕХ хуралдаж хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон шийдвэр гаргана. Ингээд Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина. СЕХ-ны шийдвэр гарвал шинээр сонгогдсон гишүүддээ гишүүний үнэмлэх гардуулна. Мөн СЕХ-ны шийдвэр гарч байж аль нам, хэдэн суудал авсан нь тодорхой болно.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн