УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах хугацаа дуусахад таван цаг дутуу байна. Тэгвэл СЕХ-оос сонгуулийн явц болоод гарч буй тодорхой асуудал, анхааруулгыг мэдээллээ. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: Бид 7-8 нөөц санал тоолох төхөөрөмжийг бүх аймгуудад хуваарилсан байгаа. Улсын хэмжээнд нийт долоон санал тоолох төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон байна. Төхөөрөмж бохирдсоноос болж цаасны бөөгнөрөл үүсэх гэдэг юм уу, асуудал үүсэж сольж байршуулсан. Ер нь, СЕХ энэ удаагийн сонгуулийн 2789 санал тоолох төхөөрөмжийг хуваарилж, 150 төхөөрөмжийг нөөцөөр авсан. Үүнээс долоог нь бид ашиглаад байна гэсэн үг. Мөн СЕХ-д гомдол мэдээллүүд ирж байгаа. Мэдээж зөрчил болон гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд цагдаагийн байгууллагад шилжиж байгаа.Зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээллийн тухайд 5-р сургууль дээр санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьчихсан байна гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнийг шалгаж үзэхэд СЕХ-д ямар нэгэн байдлаар дуудлага ирээгүй. Тухайн хэсгийн хорооны даргатай холбогдоход ямар ч санал тоолох төхөөрөмж гацсан, эвдэрсэн тохиолдол гараагүй гэсэн. Тэгэхээр энэ мэдээллийг төөрөгдүүлсэн байдлаар явуулсан байна.Мөн дээрээс нь сонгогчдод хандаж хэлэхэд саналын хуудасны зургийг авах, түүнийгээ цахим орчинд түгээх нь өөрөө хуулиар хориглосон байдаг. Тиймээс та бүхэн үүнийг анхаарч аль болох саналын хуудасны зургийг авахгүй байх тал дээр анхаараарай гэв.