Нийтэлсэн 2024 оны 6 сарын 24
“Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг 2022 онд эхлүүлж байсан бол эхний блок буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хэсгийг энэ сарын 20-нд ашиглалтад орууллаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Азид нэгдүгээрт орох нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулав. Ингэснээр Монгол Улс 1978 онд “Эрдэнэт үйлдвэр” ашиглалтад орсноос хойших төрийн өмчит хамгийн том баяжуулах үйлдвэртэй болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин нар товчлуур дарж, нүүрс баяжуулах үйлдвэрийн ажиллагааг эхлүүллээ.
undefined
Тус баяжуулах үйлдвэр нь дэлхийд тавд, Азид нэгдүгээрт орох коксжих нүүрс боловсруулах үйлдвэр гэдгийг албаныхан хэлж байлаа. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар өнөөгийн ханшаар тооцвол нэг тонн нүүрсний өгөөж 10-20 ам.доллароор өсөх юм байна.
Уг үйлдвэр нойтон аргын хөвүүлэн баяжуулах технологитой. Энгийнээр хэлбэл, нүүрсийг усаар угааж баяжуулна гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийн усаа үйлдвэрээс 70 км зайтай Загийн усны хоолойгоос татаж байгаа аж. Үйлдвэрт Загийн усны хоолойн 180 метрийн гүн дэх эрдэсжилт өндөртэй, унданд хэрэглэх боломжгүй усыг ашиглана. Тус усны ордыг 25 жил ашиглах боломжтой гэж тооцжээ. Үйлдвэр хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглана. Үйлдвэрийг ажиллуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд тохируулга хийж, тоног төхөөрөмжийн ажиллагааг жигдрүүлнэ. Өөрөөр хэлбэл, уг үйлдвэр жил орчмын дараагаас бүрэн хүчин чадлаараа жигд ажиллаж эхэлнэ гэсэн үг.
БНХАУ-ын “Норинко интернэшнл” компани баяжуулах үйлдвэр барих олон улсын тендерт шалгарч, “Эрдэнэс Тавантолгой”-той 314 сая ам.долларын оффтейк гэрээг 2022 оны хоёрдугаар сард байгуулж байсан билээ. “Норинко интернэшнл” нь “Норинко Дади” түншлэлийг байгуулан, үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг өнгөрсөн хоёр жилд гүйцэтгэжээ. “Норинко Дади” түншлэл одоогоор 80 мянган тонн түүхий нүүрс хүлээн авах хоёр агуулах, баяжуулах үйлдвэр, баяжуулсан нүүрсний гурван агуулах, үйлдвэрийн удирдлагын байр, 216 ажилчин байрлах уурхайчдын хотхон болон бусад дагалдах дэд бүтцийн байгууламжууд барьжээ. Баяжуулах үйлдвэрийн төслийг бүрэн дуусгахын тулд нэмж хоёр блок барих учиртай. Төслийг бүрэн дуусгахын тулд нийт 67 барилга байгууламж барих шаардлагатай аж. Тухайлбал, уурхайн амнаас нүүрс тээвэрлэх 12.5 км туузан дамжуулга барих юм байна. Мөн баяжуулсан нүүрс төмөр зам руу тээвэрлэх туузан дамжуулга, ачих терминал барина.
С.Наранцогт: Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой
undefined
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол өнөөдөр ашиглалтад орж байгаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Дээрх баяжмал нь шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эд үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол Улсад хими-металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавьж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарах юм.
Эхний ээлжид 10 сая тонн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс-химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тонн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тонн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тонн амиак үйлдвэрлэнэ. Мөн баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу хоёр сая тонн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тонн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Ө.Нямаа: Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Азидаа нэгд, дэлхийд тавд орох хүчин чадалтай
undefined
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга Ө.Нямаа "Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шууд борлуулах боломжгүй нүүрсийг угааж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна. Энэ нь ордын насжилтыг нэмэгдүүлдэг.
Манай нүүрс баяжуулах үйлдвэр Австрали технологи дээр суурилсан. Гурван түвшинд нүүрсээ баяжуулж гаргадаг. Коксжих бүтээгдэхүүн, завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс, хаягдал гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Манай үйлдвэр ашиглалтад орсноор 470 орчим ажлын байр нэмэгдэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Азидаа нэгд, дэлхийд тавд орох хүчин чадалтай. Энэ баяжуулах үйлдвэр зөвхөн эрчим хүчний нүүрс угаадгаараа онцлог. Тодруулбал, манай үйлдвэр зөвхөн эрчим хүчний нүүрс баяжуулна гэсэн үг. Үйлдвэрийн 60 гаруй барилга бүгд битүүмжлэлтэй, гадагшаа нунтаг нүүрс гаргахгүй, байгаль орчинд ээлтэй давуу талтай. Мөн усыг 96 хувь ашиглана. Үйлдвэрийг дагалдаад усгүйжүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулж байгаа. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмал, завсрын бүтээгдэхүүн, хаягдал зэрэгт зөвхөн чийг байдлаар усыг ашиглана" гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ сорчлон борлуулж байсан нь нууц биш. Баяжуулах үйлдвэр барьснаар Тавантолгойн ордын 2-8 хүртэлх давхаргын нүүрснийг хольж баяжуулан захиалагчийн хүсэлтийн дагуу нийлүүлэх боломжтой болж байна.
undefined
Норинко компани, Намын Хорооны Нарийн Бичгийн Дарга Яан Шяочин: Монгол нутагт зуны дэлгэр сайхан цаг ирж, таван хошуу мал сүрэг тал дүүрэн бэлчсэн энэхүү сайхан мөчид бид бүхэн “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн нээлтийг хиийж байна. Ачааны хүндийг үүрэлцэж, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын төлөө шаргуу ажиллаж, сэтгэл зүрх, мэдлэг оюунаа бүрэн зориулсан бүх хүмүүс, зураг төслийн инженерүүд мөн барилга бүтээн байгуулалт гар бие оролцсон мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал, хүндэтгэлээ илэрхийлж байна. Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт бол Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаа, оролцогч бүрийн шаргуу хөлс хүч шингэсэн хөдөлмөрийн үр шим юм. Өнөөдрийн Нүүрс Баяжуулах Үйлдвэрийн Төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь манай компани болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааг дараагийн шатанд авчирч байна. Талууд энэ боломжийг ашиглан Монголын бүтээн байгуулалтын салбарт илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж, стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа илүү өндөр түвшинд хүрэгцгэе.
Тус үйлдвэр 300 сая ам.долларын өртөгтэй бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт юм. Харин ашиглалтад оруулаад буй 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр нэг их наяд төгрөгийн санхүүжилттэй бөгөөд одоогийн байдлаар 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Нэмүү өртөг шингээсэн буюу угаасан нүүрсийг борлуулснаар компанийн жилийн борлуулалтын орлогыг 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн орон нутгийн төсөвт 180 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлнэ гэдгийг албаныхан хэллээ. Угаасан нүүрсээ биржээ худалдаалах юм байна.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн