Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

Бидний "паразит" амьдрал

Бидний "паразит" амьдрал
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 21
...Бороо, бороо ороосой... хэмээн дуулж, хөөрдөг байсан цаг нэгэнтээ улирч, хэзээ үерлэчих бол гэх айдас биднийг нөмрөн авчээ. Замбараагүй хот төлөвлөлт, газар олголт, стандартын бус үерийн хамгаалалтын байгууламжийн уршгаар зун бүр нүхэн жорлон, хог новштойгоо хамт үерт урсаж буй хөөрхийлөлтэй Улаанбаатарчууд яг л “паразит” шиг амьдарч байна гэхэд хилсдэхгүй.
2019 оны Оскарын шагналт "Parasite"  киноны хэсгээс
2019 оны Оскарын шагналт "Parasite" киноны хэсгээс
•     •     •

Үер бол байгалийн гамшгийн түгээмэл хэлбэр учир бидэнд анх удаа тохиолдож буй гамшиг огт биш

Тэртээ 1966 оны их үерээс үүдэн Баянзүрхийн гүүр нурж, үйлдвэр, комбинат усанд автаж, цахилгаан станцууд бүрэн зогсож байв. 1982 онд 45.5мм/цаг эрчимшилтэй уруйн үер бууж олон хүний амь нас, айл өрхийн амьдралыг сүйтгэж байжээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон үер нь 1966, 1982 оны үер боловч жил бүр л бид их, бага хэмжээгээр үерийн аюултай тулгарч байдаг. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас хур тунадсын хэмжээ бүр ч ихээр нэмэгдэж, үерийн гамшиг хаяа манаад суудаг болчхов.

2015 онд Дэлхийн банкны тэсвэрлэх чадварын инженерийн мэргэжилтэн Артесса Салдивар-Сали уулын энгэр, үерийн аман дээр байшин барьж байгаа айлууд хэт олширсноос гадна хотын ус зайлуулах систем буруу зохион байгуулалттай учир Улаанбаатар хот үерийн өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж байлаа. Гэсэн ч үе үеийн эрх баригчид, хотын удирдлагууд хотын дэд бүтэц, гамшгийн менежментийн асуудлыг орхигдуулсаар өнөөдрийг хүрчээ.
Өнгөрсөн оны үйл явдлуудыг эргэн сөхвөөс:
  • Тавдугаар сараас наймдугаар сарын хооронд нийт 213 үерийн тохиолдол бүртгэгдэв.
  • 2023 оны долоо болон наймдугаар сард орсон их хэмжээний борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голууд үерлэж, хамгаалалтын далангууд нурсан ба үер нийт 44.1 га газрыг хамарчээ.
  • Үерийн улмаас нийт 128,000 орчим хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч, 20,000 орчим хүн орон гэргүй болов.
  • Хамгийн харамсалтай нь 10 сартай нярай, 14 настай хүүхэд үерийн улмаас, 2 хүн тогонд цохиулж нас барсан явдал байлаа. 
•     •     •

Бороо ордгоороо орно. Харин бид бэлэн үү

Бид ирж буй үерийн аюулыг сөрөхүйц бэлтгэлтэй биш байгаа нь үүнээс харагдаж байна.

•     •     •

Тэгвэл тэд хэрхэн шийддэг юм бол

Дээр дурдсанчлан дэлхийн дулааралтай холбоотойгоор дэлхийн ихэнх улсад үерийн гамшиг тулгарч байна. Гэсэн ч манай улсаас ялгаатай нь тэдэнд өөрсдийн улсын газар зүйн байршил, өвөрмөц онцлогт тохирсон үерийн менежмент байдаг.

Недерланд

Хамгийн ухаалаг шийдэлтэй
Тус улсын хувьд үерийн усны урсцыг хаахын оронд усыг ашигтай байршил руу урсгаж, эргэн тойронд оршин суудаг иргэдээ урьдчилан нүүлгэн шилжүүлэх байдлаар үертэй тэмцдэг. Ингэхдээ борооны ус хуримтлуулах олон жижиг цөөрмүүд хийхээс гадна томоохон гол, нуурууд руу усаа цутгадаг. Мөн борооны ус хөрс рүү чөлөөтэй нэвчих цэцэрлэгүүдийг байгуулсан ажээ. 
Зургийн эх сурвалж: CBS News
Зургийн эх сурвалж: CBS News

Хятад

Үерийн гамшиг их тохиолддог орнуудын нэг
Ус их тогтдог намгархаг газрыг хатуу хучилтаар хучиж ус тогтох боломжгүй болгодог. Харин тэр ус нь урссаар нэвчилт сайтай асфальтан зам руу шингэж улмаар ногоон байгууламжууд руу цутгах юм.

Зургийн эх сурвалж: NPR
Зургийн эх сурвалж: NPR

Их Британи 

Урт хугацаагаар бороо тасралтгүй ордог
Их Британийн нийслэл Лондон хотод жилд дунджаар 155 өдөр бороо ордог. Иймд тэд хүнд инженерийн шийдэл буюу томоохон далан, сувгуудыг хүний гараар бүтээж хотоо хамгаалдаг.

Зургийн эх сурвалж: Reuters
Зургийн эх сурвалж: Reuters
•     •     •

Үерийн гамшиг зөвхөн их хэмжээний ус бүгдийг урсгаж, устгах тухай ойлголт биш

Үерээс үүдэж маш олон асуудал шил дараалан гарч ирдэг. Тухайлбал:
  • Их хэмжээний хог хаягдал, модон жорлон дахь ялгадас устай хамт урсан ходоод, гэдэсний халдварт өвчнийг тархаадаг. 
  • Гудамж талбайд лаг шавар хуримтлагдаж хүн, машин зорчих аргагүйд хүрнэ. 
  • Гэрлийн шон, цахилгааны утаснууд усанд унаж, иргэдийн амь насанд заналхийлэх эрсдэлтэй.
  • Олон удаагийн үерийн улмаас барилгын чанар муудаж, улмаар эвдрэх, нурах нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Урсан ирсэн лаг шавар, хог хаягдал нь худаг, ус зайлуулах хоолой зэргийг бөглөдөг.
•     •     •

Манай улс яагаад ийм байдалд хүрчхэв

Үерийн өндөр эрсдэлтэй газар замбараагүй газар олгож, дэд бүтцэд төсөвлөсөн мөнгө үертэйгээ хамт урсаад алга болчихдог. Замын бродурыг сар бүр сольдог хэрнээ ус зайлуулах хоолойгоо хийхээ “мартчихдаг”. Хийсэн ус зайлуулах хоолойнууд нь байх ёстой газраа биш байшингийн дээвэр дээр байх нь холгүй. Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь шахцалдан амьдарч байхад хүн амын шилжих хөдөлгөөнийг зөвөөр зохицуулж чаддаггүй. Энэ мэтчилэн үерийн гамшигт тэсвэргүй байгаагийн шалтгаан бүрийг тоочоод байвал хэзээ ч дуусахгүй биз ээ.
Энэ бүх асуудлын эх үүсвэр нь авлига, хээл хахууль, удирдлагуудын хариуцлагагүй, хэнэггүй байдал дээр эргээд буудаг. Өнгөн талдаа бид тэдний үлдэгдлийг хамж идэх паразит мэт харагдавч угтаа тэд бидний татварын мөнгө, тав тух, аз жаргал, алс ирээдүйгээс хумсалдаг паразитууд юм. Хэрэв бид удирдлагууддаа зохих үүргийг нь хүлээлгэж, хариуцлагаа нэхэхгүй явсаар байвал энэ үертэй хамт Монгол Улс урсаад одохыг таашгүй. 
Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн