УИХ-ын 2024 оны сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа халдсан хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлж, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлэв.
Нэр дэвшигч Г.Сайханбаяр: Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь эрсэдсэн явдалд, талийгаачийн ар гэр, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсч байна.
Миний бие өөрийнхөө ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн аллага, улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэдгээ мэдэгдэж байна. Мөн С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай улс төрийн гүтгэлэг явуулсан асуудлаар хаа байгаа газарт нь очиж уулзана гэж бодож байна.
Эцэст нь, улс төрийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нийт нэр дэвшигчдэд ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна гэлээ.