Open iToim app
Спорт | 5 мин уншина

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 17
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд өнөөдөр нөхөн цол олголоо.
Тодруулбал, түрүү бөх М.Бадарчаас допинг илэрч, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос түүний цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Харин М.Бадарч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас спортын арбитрын шүүхэд хандсан ч талаар өнгөрч, өөрийгөө допинг хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй юм. Улмаар М.Бадарчийн цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохыг Баяр наадмын комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр гаргаж, өнөөдөр Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд нөхөн цол олгох ёслол боллоо. Ёслолд ҮИБНЗБХ-ны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Бөхийн салбар хорооны гишүүд, шинээр цол авч буй бөхчүүдийн ар гэрийнхэн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгонд арслан, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатад заан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашид харцага, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд начин цол нөхөн олголоо. Түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгосон юм.
undefined
Бөхчүүдэд цол, чимэг олгох ёслолын үеэр Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэлэхдээ “Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл, төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг. Мөн та бидний оршихуйн дархлаа юм. Тэр дундаа “Үндэсний бөх” хэмээх нүүдэлчин монголчуудын эртнээс улбаат ёс заншил, эцэг өвгөдийн гэрээс болсон соёл уламжлалыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа бөхчүүдээ Монголын ард түмэн хэзээд хүндэтгэн дээдэлж ирсэн түүхтэй. Монгол түмэн үндэсний бөхөөрөө омогшдог, бөхчүүдээрээ бахархдаг, хүндэлдэг хайралдаг бүр шүтэж биширч, сүр хүч, цог хийморийн бэлгэдлээ ч болгож ирсэн ард түмэн. Харамсалтай нь сүүлийн он жилүүдэд монгол бөхийн спортын дэг жаяг, ёс жудаг, мөн чанар, бяр, ухаан, сүр хүч суларч, ёс суртахууны доройтолд орсон. Монгол бөхийн дэвжээ булхай, будилаан, талцал хуваагдлын, бүр нанчилдааны талбар болж байгааг харж, харамсдаг боллоо. Энэ их спортын хувь заяа найрааны, наймааны, бүр допингийн уурхай болох эрсдэл байна. Нэг хэсэг жудаггүй бөх, дасгалжуулагчаас болж нийт бөхийн дэвжээнд хар толбо ихээхэн сууж байна. Бахархдаг, хайрладаг бөхчүүд маань адын шидийн зүйлд автаж ард түмнийхээ итгэлийг алддаг болсон, баяр цэнгэлийг ч гутаадаг болсон. Энэ бол гашуун үнэн. Нэг давж , нэг удаа нэг хэсэг шагнал, урамшуулал авч байвал нэр хүнд, төрт ёс, жудаг, жаяг хийгээд Монголын эрх ашиг хамаагүй мэт болсон. Зүлэг ногоон дэвжээ дэх нэг бөхийн давааны цаадах даваа, унаа бүхний цаана үндэсний эрхэмлэл, өв соёл, тусгаар тотнолын үнэ цэнэ, монгол үндэстний уналт босолтын хувь заяа явж байдаг гэдгийг эрхэм эрчүүд, монголчуудын хайрлан шүтдэг бөхчүүд умартаж болохгүй. Хууль журамд заасан хэдий ч түрүүлсэн бөх сэргээшээс болж цол чимгээ хураалгаж, даваагүй давааны цолыг нөхөж өгөх, авах нь цаашид хэн хэндээ таатай биш. Энэ бол төр, ард түмний их баяр наадмыг үнэгүйдүүлж буй явдал” хэмээн онцоллоо.
Наадам болохоос 24 хоногийн өмнө шинэ цолоо гардаж авсан бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэе.
undefined
Улсын аварга О.Хангай: Өнгөрсөн жилийн баяр наадмын наймын даваанд барилдсан бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас намайг найм давсанд тооцож, “Үлэмж бадрах” чимгээ нөхөж авлаа. Цаашдаа Монголын үндэсний өв соёл маань ёс бус үйлдлээр битгий сэвтээсэй гэж хүсэх байна. Ер нь үндэсний өв соёл болох эрийн гурван наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг. Магадгүй бид хэдэн зуун жилийн дараа ч энэ өв соёлоороо бахархаж, бусад орноос ялгарна гэж ойлгож буй. Энэ бол хэдхэн бөхийн асуудал биш. Баяр наадмын тухай хуулийн дагуу шийддэг газар нь шийдэж, бөхчүүд цол чимгээ нөхөж авч байна.
undefined
Улсын арслан Ц.Бямба-Отгон: Төр засгийн шийдвэрээр улсын арслан цолоо нөхөн авлаа. Сайхан байна. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа зүйл бол допинг. Энэ асуудлыг ихэнх бөх эсэргүүцдэг. Олны дунд янз бүрийн яриа гарсан учраас анх допингийн шинжилгээ өгч байгаа залуус айдастай, хүндрэлтэй байдаг. Би гурван удаа шинжилгээ өгсөн. Анхны шинжилгээ сайн гарсан учраас сүүлийн хоёр шинжилгээндээ итгэлтэй болсон. МОНАДА бөхчүүдээс явцын шинжилгээ авсангүй. Үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдээс допинг илрэх магадлалтай. Уг нь хавар, намартаа шинжилгээ авах хэрэгтэй. Миний хувьд өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байна.
undefined
Улсын заан С.Сүхбат: Төр, засгийн шийдвэр гарсны улсын заан цолоо авсандаа баяртай байна. Цаашид цолондоо эзэн болж барилдахын төлөө хичээх болно. Өнгөрснө жилийн наадамд бусад бөхийн адил түрүүлэх л зорилготой байсан. Гэвч зорилгодоо хүрч чадаагүй. Би допингийг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Бусдынхаа хөдөлмөрийг шударга бусаар дээрэмдэж авч байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрөөс наадмынхаа бэлтгэлд албан ёсоор гарч байна.
undefined
Улсын харцага Э.Даш: Төрийн наадам шударга болох ёстой. Удахгүй Ардын хувьсгалын 103 жилийн ой болно. Хүн бүр хүлээж, догдолж байгаа байх. Наадам маань хэл амгүй, шударга болоосой гэж бодож байна. Өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байгаа. Монголын үндэсний бөхийн холбооноос наадмын өмнө галуудаар явж допингийн төрлийн эм, бодисуудын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулдаг.
undefined
Улсын начин Б.Баянмөнх: Би 2006 онд сумын заан, 2014 онд аймгийн арслан цол авсан. Арав, арван жилийн зайтай л цол авчээ, баяртай байна. Төрийн том цол авсандаа баяртай байна. Нийт Монголын ард түмэн, надад тусалж дэмждэг бүх хүнд, Ховд аймгийн Мөнххайрхан суманд суугаа аав, ээж, ах дүү нартаа маш их баярлалаа.  Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд цол авна, дээгүүр даваанд барилдана л гэсэн зорилготой зүлэг, ногоон дэвжээнд гарсан. Ер нь бөхчүүд ийм л зорилготой барилддаг болов уу. Юм шударга сайхан болж байна, надад илүү хэлэх зүйл алга. Би сэргээшийн төрлийн бодисын эсрэг хатуу байр суурьтай байдаг. Арван настайгаасаа хойш 26 жил барилдлаа. Энэ жил миний 37-ны жил орж байна. Олон жил зүлэг ногоон дэвжээнд барилдаж, өнөөдөр улсын начин цолд хүрлээ.
undefined

 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн